АНУ-ын Остин хот дахь Техасын их сургуулийн эрдэмтэд хуурай агаараас нэг өдрийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэх хэмжээний ундны усыг шүүж авдаг хямд өртөг бүхий гелэн хальсыг бүтээж, туршин харуулсан байна.
Тус гелийн найрлага нь ургамлын эсийн хананаас гаргаж авдаг целлюлоз болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зориулалтаар ашигладаг “конжак бохь” гэсэн хямдхан, олдоц сайтай хоёр материалаас бүрддэг аж. Ажиллах зарчмын хувьд конжак бохийн нүхтэй бүтэц нь эргэн тойрны агаараас усны молекулыг цуглуулж конденсацлуулах бол целлюлоз нь дулаан агаарт хариу урвал үзүүлснээр усыг шингэн төлөвт оруулан ялгаруулдаг байна.
Гелийг бүтээх явц нь дээрхтэй адил маш энгийн болохыг эрдэмтдийн баг онцолжээ. Гол найрлагуудыг хольж зуурмаг болгоод хэвэнд цутгахад ердөө хоёр минут шаардагдана. Дараа нь хөлдөөгчинд хатаагаад хэвнээс нь салгаснаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох аж. Энэ зарчмын дагуу дурын хэлбэр, хэмжээгээр үйлдвэрлэх боломжтойгоос гадна эрчим хүч шаардахгүйгээр хүссэн үедээ агаарт гарган ашиглаж болдог давуу талтай.
30 хувийн харьцангуй чийгшил бүхий агаарт туршилт хийхэд уг гелийн нэг килограмм нь өдрийн турш 13 литр ус гаргаж авсан бол 15 хувийн чийгшилтэй буюу цөлийн агаараас ч хуурай нөхцөлд 6 литр ус гаргаж авчээ.
Цаашид энэ бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлж, сайжруулах олон боломж байгаагаас гадна нэг килограммыг үйлдвэрлэхэд ердөө 2 ам.долларын зардал гардгийг эрдэмтэд онцолжээ.