Уншигчдын таашаалд нийцсэн эрт, эдүгээ цагийн үнэ цэнтэй бүтээлийг эх хэлнээ хөрвүүлснээр уншигчдын сэтгэлгээний цар хүрээг тэлэхийн сацуу үндэсний утга зохиолын хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан үздэг аж.
Зохиолч Б.Баясгалангийн гуравдугаар ангидаа зохиосон “Үхэрчин хүү” шүлэг “Би Би Би” сонинд нийтлэгдсэн нь олон зуун уншигчдад хүрсэн анхны уран бүтээл нь байсан гэдэг. Сурагч насаа уран зохиол уншиж, шүлэг, найраглал бичиж өнгөрүүлсэн тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө МУИС-ын Улс төр судлалын ангид элссэн нь улс төрийн роман бичих багын мөрөөдөлтэй нь холбоотой байсан гэнэ. Товчхондоо, улс төр судлалаар сурах болсон нь уран зохиолоосоо хөндийрсөн асуудал бус харин уран зохиол гэгч зүйлд хайртай, дуртайгийнх л байжээ. Б.Баясгалан МУИС-д элсэн ормогцоо тус сургуулийн харьяа утга зохиолын дугуйланд хамрагдаж, сонирхлынхоо дагуу уран зохиолын блог хөтөлж, өөрийн бичвэрүүдээ бусадтай хуваалцаж, уншсан бүтээлүүдийнхээ талаар зочидтойгоо халуун яриа өрнүүлэхдээ “Тагтаа Паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ж.Тэгшзаяа байв. Хорь гаруйхан настай, уран зохиолд дуртай хоёр бүсгүй гадаадын сонгодог бүтээл унших дуртай ч монгол хэлнээ хөрвүүлэгдсэн бүтээл цөөн, сонголт хязгаарлагдмал байсан тул шимтэн уншдаг бүтээлүүдээ өөрсдөө орчуулахаар шийдэн “Тагтаа Паблишинг”-ийг 2012 онд үүсгэн байгуулжээ.
“Тагтаа Паблишинг” нь “Picador”, “Whiley agency”, “Penguin” зэрэг гадаадын нэр хүндтэй паблишинг хаустай хамтран ажилладаг бөгөөд голчлон гаднын зохиолчдын чансаатай бүтээлүүдийг орчуулдаг. Чансаатай гэдэг нь богино хугацаанд олон зуун ширхэг борлуулагдсаныг бус он цагийн шалгуур давсан, утга зохиолын салбарын тэргүүн шагнал хүртсэн, уншигчдын оюун санаанд нөлөөлөл үзүүлсэн эсэхийг хэлж байгаа хэрэг. Энэ тухай Б.Баясгалан “Хэдий хүн ам цөөн, дотоодын номын зах зээл жижиг, сонгодог бүтээлүүдийг арилжааны ашиг бага ч монголчуудын оюун санаа, сэтгэлгээнд нөлөөлөхүйц уран зохиол зах зээлд зайлшгүй байх ёстой гэж үздэг” хэмээв. Товчхондоо, “Тагтаа Паблишинг” өндөр хөгжилтэй орнуудын паблишинг хаусын зарчмаар ажиллаж, зах зээлд гаргах бүтээлийнхээ агуулга, зохиолын чанар, хэл яриа, орчуулгад онцгой анхаарал хандуулдаг.
Б.Баясгалан оюутан байхаасаа эхлэн уран зохиолын орчуулга хийж эхэлжээ. Түүний анхны орчуулгын ажил “Дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 боть”-д багтсан Энэтхэгийн алдарт “Махабхарата” тууль байсан. Тэрбээр уран зохиолын орчуулгыг бусад орчуулгаас өөр гэдэгт бат итгэдэг нэгэн. Тэрбээр “Уран зохиолын орчуулгын гол онцлог нь гоё сайхан, уран яруу хэл найруулгадаа байдаггүй. Уншихад хэдий үг байвч цаанаа маш нарийн мэдрэмж оршдог. Орчуулагч тэр үгийн цаана байгаа зохиолчийн мэдрэмжүүдийг мэдрээд түүнийгээ буулгадаг. Тэгэхээр бол яах аргагүй тусгай авьяас хэрэгтэй” гэж ярив.
“Тагтаа Паблишинг” –ийн хэвлэсэн нийт номын 86 хувийг гаднын зохиолчдын уран зохиол болон философийн орчуулгын номууд эзлэх тул дотоодын уран зохиолыг орхигдуулдаг хэмээн шүүмжлэл дагуулах нь бий. Гэвч Б.Баясгалан хүний оюун ухаан харьцуулалт хийж байхдаа хамгийн зөв ажиллаж байдаг бөгөөд дэлхийн уран зохиолын сор бүтээлийг орчуулснаар бусад улс үндэстний зохиолчдын хэв маягийг монгол зохиолчдод таниулж, тэдэнд урам зориг өгдөг гэж үздэг аж. “Тагтаа Паблишинг” үүсгэн байгуулагдсан цагаасаа л үндэсний уран зохиолыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсаар ирсэн ба энэ хүрээнд “Үлдэх үг Подкаст”, “Tagtaa.mn” вэбсайтыг хөтлөн явуулж, “Tagtaa Review” утга зохиолын улирал тутмын сэтгүүлийг эрхлэн гаргаж буй. Түүнчлэн шинэ залуу зохиолчид “Тагтаа Паблишинг”-ийн дэргэдэх “Гэгээн шувуу” сангаас хоёр жил тутам зохион байгуулдаг утга зохиолын шилдгийг шалгаруулах “Tagtaa Prize”-ийг сэтгэл догдлон хүлээдэг болжээ.
Салбарын тоо баримт:
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанд дурдсанаар 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж 2020 онд 124.5 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Жил ирэх тусам чансаа нь дээшилж, залуучуудын бичих ур чадвар нэмэгдэж байна хэмээн Б.Баясгалан хэлсэн бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийг зөвхөн шагнаад өнгөрөлгүй хамтран ажиллаж, тэдний уран бүтээлийг нийтэд түгээхэд “Гэгээн шувуу” сан онцгой анхаардаг тухай бидэнд ярьсан юм. Энэ хүрээнд тэд дэлхийн утга зохиолын “А” зэрэглэлийн “Asymptote Journal”-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд жилийн турш тус сэтгүүлд монгол зохиолчдын уран бүтээл нийтлэгдэхээр болжээ. Б.Баясгалан “Бүх орны уран зохиол гүнийхээ түвшний хувьд бүгд адил хүний л тухай өгүүлсэн байдаг. Гунихаараа уйлдаг, баярлахаараа инээдэг ийм л энгийн. Гэхдээ утга зохиолд ч мөн адил ондоошил бий бөгөөд энэ нь улс үндэстний туулсан түүх, соёлоор илэрдэг. Оросын уран зохиол үнэн алдартны шашны нөлөөлөл, зовлон туулах тусмаа ариусдаг гэх нийтлэг үнэт зүйлээр ялгардаг бол Америкийн уран зохиолд эрх чөлөөний мэдрэмж илүү өндөр байдаг. Монгол зохиолчдын хувьд нүүдлийн соёл, үүнтэй холбоотой сэтгэлгээний өвөрмөц байдлаараа бусад орны уран зохиолоос ялгарч, уншигчдын анхаарлыг татна гэж найдаж байна” гэж тэрбээр хэлэв. Дотоодын уран зохиолыг дэлхийд таниулах онцгой ач холбогдолтой тус төсөлд Америкийн “Монгол судлалын төв” хамтран ажиллаж байгаа төдийгүй АНУ-ын монгол судлалын төв дээр монгол хэл сурч байгаа гадаадын оюутан, судлаачид “Тагтаа Паблишинг”-ийн шилж сонгосон бүтээлүүдийг орчуулж байгаа гэнэ.
Түүнээс үндэсний уран зохиолын хөгжлийн талаар тодруулахад “Монголын утга зохиолын оргил нь өнгөрсөндөө биш ирээдүйд байгаа гэдэгт итгэж ажилладаг” хэмээсэн ч тогтолцооны гажуудал, дутагдал байгааг хэллээ. Тухайлбал, Монголд мэргэжлийн зохиолч бэлтгэдэг сургууль байхгүй, оюуны өмчийн хууль, эрх зүйн зүйл заалтууд боловсронгуй бус, үүнтэй холбоотой зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна хэмээв.
А.САНАА