АНУ-ын Нью-Йорк хотын хэмжээнд ганцхан үлдээд байсан таксофон буюу нийтийн төлбөртэй утасны бүхээгийг өнгөрөгч даваа гарагт буулгасан байна. 50 центийн зоосоор дуудлага хийх боломжтой тэрхүү бүхээгүүд нь Нью-Йорк хотын албан бус бэлгэ тэмдгүүдийн нэг гэгддэг ч ийнхүү ухаалаг утас, цахим холбоо харилцаанд зайгаа тавьж өгсөн байна.
Тус хотын захиргаа 2014 онд нийтийн утасны бүхээгийг үйлчилгээнээс хасаж, оронд нь үнэгүй дуудлага хийх, WiFi-д холбогдох, төхөөрөмжөө цэнэглэх боломжтой “LinkNYC” бүхээгийг байрлуулах ажлыг гүйцэтгүүлэхээр “CityBridge” компанид тендер олгож байжээ. Үүний дагуу 2015 оноос эхлэн тус компани хуучин утасны бүхээгийг буулгаж, шинээр байрлуулсан бүхээгийн үйлчилгээг хөгжүүлж, үйл ажиллагааг нь хариуцаж байгаа юм.
Одоогийн байдлаар Нью-Йорк хотод 2000 гаруй “LinkNYC” бүхээг ажиллаж байгааг “CNBC” мэдээлжээ.
Харин хамгийн сүүлд буулгасан утасны бүхээгийг Нью-Йорк хотын музейд байрлуулж, цахим эриний өмнөх амьдрал ямар байсныг залуу үеийнхэнд харуулах аж.