Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Аксель Никэйз Европын Холбоо, Монгол Улс хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн талаар болон 450 сая хүн амтай тус Холбооны зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувийг татваргүй нэвтрүүлэх эрхийг олгодог ‘GSP+’ буюу Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн давуу талыг танилцуулж байна.
“Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж Аксель Никэйз инээмсэглэн өгүүлэв. Тэрбээр Бельгийн Вант улсын иргэн бөгөөд улс төр, хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж Киргиз, Украин, Энэтхэг, Вьетнам зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай.
Хатагтай Никэйзийн хувьд Европын Холбооны Элчин сайдаар томилогдсон анхны улс нь Монгол Улс юм. Тэрбээр “Томилолт бүрдээ зүүн чигт нүүж байна даа” хэмээв. Шинэ улсад ажиллаж, шинэ сорилттой нүүр тулах дуртай хатагтай Никэйз албан үүргээ хүлээн авснаас хойш Монголын хэд хэдэн аймагт ажиллаж, аялж амжсан бөгөөд монголчуудын нээлттэй, зочломтгой байдал сэтгэлийг нь татдаг хэмээв. “Монгол хүн байгальтай хэрхэн дасан зохицож амьдарч байгаа нь тун сонирхолтой, танай ард түмний тэсвэр тэвчээрийг биширсэн”.
Европын Холбоо, Монгол Улс хооронд байгуулсан хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулж, стратегийн гүүр болон ажиллах нь хатагтай Никэйзийн гол зорилго юм. “Хамтын ажиллагааны шинэ мөчлөг эхэлж байгаа үед томилогдон ирсэндээ олзуурхаж байна. 2027 он хүртэл Европын Холбоо Монгол Улсад ногоон тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний шилжилтээс гадна ардчилал, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байна. Жендер, өсвөр үе, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бидний оролцооны гол чиглэл хэвээр үлдэнэ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Алсын хараа-2050 зорилтын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж, харилцан үр дүнтэй хамтран ажилласаар байх болно”.
Монгол Улс уул уурхайн салбарын хэт хамаарлаа бууруулж, цаашид эдийн засгаа төрөлжүүлэхийн сацуу Европын Холбоотой хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг Элчин сайд Никэйз хэлэв.
Европын Холбоо дэлхийн ойн нөөцийг сэргээн, хамгаалахад нэг тэрбум евро зарцуулахаар болсон. Энэ хүрээнд мөн Монгол Улсын ойн менежментийг дэмжихээр ажиллаж байгаа бөгөөд энэ салбарт Европын Холбоотой түншлэл байгуулах Ази тивийн анхны улс болох юм. Өнгөрсөн онд Европын Холбооноос Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах “STREAM” төслийг Хэнтий, Сэлэнгэ аймагт туршилтаар эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд түншлэгч байгууллагуудын хамт ой бүхий газрын менежментийг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуй эрхлэхийг дэмжих ажилд шинэлэг санаа, инновацыг хэрэгжүүлэн ажиллах юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татаж, ногоон санхүүжилт олгох замаар нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг бууруулахад хамтран ажиллана. Дээрх хоёр аймагт хэрэгжих төслийг цаашид бусад аймгуудад сайн туршлага болгохоор зорьж байна.
Хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчин болон сайн засаглалыг хөгжүүлэх олон улсын конвенцыг Монгол Улсад ул суурьтай хэрэгжүүлэхийг Европын Холбоо дэмждэг бөгөөд Засгийн газрын ил тод байдал, олон нийтийн оролцоо, төсвийн хариуцлагатай байдлыг хангахыг уриалсаар ирсэн. 2020 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газрын төсвийн санхүүгийн менежмент болон хөдөлмөрийн хуулийн реформыг дэмжих зорилгоор анх удаа 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг улсын төсөвт шууд төвлөрүүлэх анхны төсвийн дэмжлэгийг үзүүлсэн байдаг. Төсвийн дэмжлэг нь тухайн орны төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг хийхэд дэмжлэг болох юм. “Сайн засаглал болон хариуцлагатай байдал нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудын гол үндэс бөгөөд бидний хамтын ажиллагааны цөм билээ” хэмээн Элчин сайд Аксель Никэйз хэлсэн. Тогтвортой хөгжлийг дэмжих Европын сангаас (EFSD+) хөрөнгө оруулалт татах боломж Монгол Улсад бий. Үүний тусламжтайгаар хамтын ажиллагааны 2027 хүртэлх төлөвлөлтөд Монголын төрийн болон хувийн хэвшлүүдэд төрөл бүрийн хөрөнгө оруулалт, санхүү, техникийн туслалцаа олгож, цахимжуулалт, ногоон хөгжлийн зорилтууддаа хүрэх юм.
GSP+ системд хамрагдсанаар Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүний 66 хувь нь Европын Холбоо руу тарифын хөнгөлөлттэй нэвтрэх боломжтой болно
Хатагтай Аксель Никэйз Монголын дотоодын бүтээгдэхүүнүүдийн чанар, уламжлал болон өвөрмөц байдлаар бахархдаг бөгөөд олон улсын зах зээлд нэвтэрч, өндөр стандарттай, олонд танигдсан брэндтэй болох бүрэн боломж бий хэмээн үздэг. Түүнийхээр олон улсын зах зээлд амжилттай борлуулагдах магадлал хамгийн өндөр дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг онцлов. Үүнд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүн, чацаргана багтаж байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр салбарыг тасралтгүй дэмжиж, гадаад зах зээлд нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэн санхүүгийн хэрэгслийг хөгжүүлж, хуулийн хүрээнд өрсөлдөх чадварыг өсгөх хэрэгтэй. “Европын Холбоо аливаа арилжааг хийхдээ хоёр талд ашигтай байх ёстой гэх зарчмыг баримталдаг төдийгүй эдийн засгийн хөгжил, хувь хүн, бизнесүүдийн чадавхыг өсгөхийг дэмждэг. Тиймээс ч Европын Холбоо, Монгол Улсын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлсэн Монголын худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих TRAM төслийн хоёрдугаар үеийг эхлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд уг төслийн хүрээнд Гадаад харилцааны яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагатай хамтарч экспортлогчдын худалдааны гарцыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.
“Covid-19” цар тахлаас үүдэлтэй дэлхий дахиныг хамарсан нийлүүлэлтийн системийн доголдол үүсэж, дэлхийн бүх улс ачаа барааны хомсдолын асуудалтай нүүр тулгарсан билээ. “Ялангуяа далайд гарцгүй Монгол Улсад энэ бэрхшээл хүндээр туссан ч импортлогч, бизнес эрхлэгчдийн уян хатан, тэсвэр тэвчээртэй байдал намайг ихэд гайхшируулсан” хэмээн Элчин сайд дурдав. “TRAM төслийн хүрээнд зохион байгуулсан Европ-Монголын экспортлогчид болон импортлогчдын уулзалт, хурал, цуглаануудын үр дүнд харилцааны шинэ сувгууд нээгдэж, бизнесийн шинэ боломжууд үүсэж худалдаа эрс нэмэгдсэн байна. Хямрал, хомсдолын үеэр ч Монголын дэлгүүрүүдэд агаараар тээвэрлэн ирсэн Европ хүнс, бараа бүтээгдэхүүнүүд зарагдаж байсан шүү дээ. Нийлүүлэгчийн хэмжээг нэмэгдүүлснээр Монгол Улс цаашид хил гаалийн хязгаарлалтаас үүдэлтэй барааны хомсдолоос сэргийлж чадна. Бид цаашид ч TRAM төслөөс гарсан үр дүн болон алдаа онооноосоо суралцан Европын Холбооны зах зээлийг Монгол Улстай илүү гүн холбох тал дээр ажиллах болно” гэж тэр өгүүлэв.
Европын Холбоо 1971 оноос эхлэн дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил, экспортыг дэмжих үүднээс худалдааны хөнгөлөлтийн нэг хэлбэр болох импортын гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн ерөнхий систем” -ийг (GSP+) хэрэгжүүлж байгаа.
Монгол Улс Европын Холбооны Ерөнхий хөнгөлөлтийн системд 1991 оноос хамрагдаж ирсэн. Энд экспортын голлох бараа болох нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн хамрагдаж, 9.6 хувийн татвартай байсан бол шинэчилсэн хөтөлбөрийн дагуу нэн тааламжтай нөхцөлөөс ч илүү 0 тариф хүртэл буурсан байна. Шинэчилсэн Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсанаар Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүний 66 хувь нь Европын Холбоо руу тарифын хөнгөлөлттэй нэвтрэх боломжтой. Гэвч Монголын баялаг үйлдвэрлэгчид уг таатай боломжийг хангалттай ашиглаж чадахгүй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Европын Холбоо Монгол Улсын худалдааны дөрөв дэх том түнш боловч Европын Холбооны хувьд Монгол Улс 131-р байрт бичигдэж байгаа юм.
Үүнээс гадна Европын Холбооноос Монгол Улстай “Газар зүйн заалтын тухай хоёр талт хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байна. Газар зүйн заалт нь газар зүйн онцгой гарал үүсэлтэй, онцлог чанарыг агуулсан, газар нутгийн байршлаараа нэр хүндтэй бараан дээр хэрэглэгддэг ялгагдах чадвартай тэмдэг бөгөөд орон нутгийн тогтвортой хөгжилд бодит үнэ цэн авч ирж, тухайн ажлын байр нэмэгдүүлж, уламжлалт бүтээгдэхүүний өв соёлыг хадгалж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүний эх үүсвэрийг таниулж өгөх давуу талтай аж. Тэрбээр “Уг хэлэлцээрийг баталснаар Монголын бүтээгдэхүүнүүдийг Брюссель, Варшав, Лиссабон гэх мэт Европын хотуудын лангуун дээр харах цаг удахгүй ирэх биз. Жишээлбэл, Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр тус Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох ач холбогдолтой” гэлээ. Цаашид ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнүүд, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн зэргийг газар зүйн заалттай болгож болно” гэлээ. Хэрэв Монгол Улс дээр дурдсан бүх боломжийг ашиглан хэрэгжүүлж, Европын Холбооны стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болбол 450 сая хүнтэй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэх болно.
Корона вирусийн дэгдэлт эхэлснээс хойш Европын Холбоо түнш орнууддаа үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхээс эхлээд яаралтай тусламжийн бараа хүргэхэд зориулж хөрөнгө хуваарилах, судалгаанд хөрөнгө оруулалт хийх зэргээр цар тахалтай тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг маш идэвхтэй дэмжиж ирсэн. Европын Холбоо дэлхий даяарх цар тахлын хариу арга хэмжээнд 38.5 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна. Монгол Улсыг “Covid-19” цар тахлаас хамгаалах дархлаажуулалтаар хангахад тусалсан COVAX санаачилгын гол хандивлагчдын нэг нь Европын Холбоо юм. Цар тахлын үед иргэд болон хувийн хэвшил хамгийн их хохирлыг амссан. Европын Холбооны санхүүжилттэй “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран Монголд нэг сая еврог төсөвлөж, “COVID-19”- ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлжээ.
“Бид ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, цар тахлын үр нөлөөг бууруулахыг хичээж байна. Европын Холбоо Монголын эрүүл мэндийн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх болно. Мэдээж үүнээс гадна биднийг Монгол Улстай орон зайнаас үл хамааран нэгтгэдэг ардчилал, хүний эрх, үндсэн хуулийг дээдлэх ёс зэрэг үнэт зүйлийг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно” хэмээн Элчин сайд Аксель Никэйз өгүүлсэн юм.
О.АГИЙМАА