Арваад жилийн өмнө “Twitter”-ээр танилцаж байсан өсвөр насны хоёр бразил хүү өдгөө арван оронтой тоогоор хэмжигдэх финтекийн хөрөнгөтнүүд болжээ.
Гарааны бизнесүүдэд байгууллагын зээлийн карт авах үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор байгуулагдаж байсан финтек компани болох “Brex” өнгөрсөн нэгдүгээр сард 300 сая ам.долларын санхүүжилт босгосон бөгөөд есөн сарын өмнө 7.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан бол 12.3 тэрбум ам.доллар болж өсчээ. Бразил гаралтай хамтран үүсгэн байгуулагчид болон гүйцэтгэх захирлууд 26 настай Анрике Дубуграс (зүүн дээд талд) болон Педро Франчески нар тус бүр ойролцоогоор компанийн 14 хувийн эзэмшдэг бол энэ нь 1.5 тэрбум ам.доллартай дүйж байна.
1000 ажилтантай тус стартапын үүсгэн байгуулагчид 2012 оны арванхоёрдугаар сард хоорондоо кодчиллын нарийн ширийн зүйлсийн талаар жиргээ идэвхтэй солилцож байснаар эхэлсэн. Тухайн үед Дубуграс, Франчески нар Сан Пауло, Рио-де-Жанейро хотод амьдардаг ахлах сургуулийн сурагчид байв. “Twitter”-ийн тухайн үеийн жиргээ 140 тэмдэгтээр хязгаарлагддаг байсан тул тэд “Skype” руу шилжин ярилцаж эхэлжээ.
“Skype дээр бид тийм ч их муудалцаагүй болохоор сайн найзууд болсон” гэж Дубуграс хэлэв.
Дараа жил нь хоёр найз Бразилийн худалдаачдад онлайнаар төлбөр хүлээн авах боломжийг олгосон “Pagar. me” гарааны бизнесийг эхлүүлсэн бөгөөд үүнийгээ 2016 онд Бразилд төвтэй өөр нэг финтек компани “Stone”-д худалдсан юм. Дубуграс хичнээн төгрөг авснаа хэлээгүй ч Стэнфордын төлбөрийг бүтнээр нь төлөхөд хангалттай хэмжээний мөнгө байв. Тэдэнд сургуульд сурах шаардлага ч байсангүй. Хоёул 2017 оны хавар буюу нэгдүгээр курстээ “Brex”-ийг эхлүүлэхээр сургуулиа орхисон юм. Хоёр жилийн дараа тэд “Forbes”- ийн “30 хүртэлх 30”-ын санхүүгийн эрэмбэд багтсан билээ. Домогт венчур капиталын фирм “Kleiner Perkins” болон “PayPal”-ын төгсөгчид болох Питер Тиел, Макс Левчин нарын томоохон хөрөнгө оруулагчийн дэмжлэгтэй “Brex” нь “PitchBook”-ийн мэдээлснээр “Airbnb”, “Carta”, “ClassPass” гэх мэт олон арван мянган корпорацын үйлчлүүлэгчдээс 320 сая ам.долларын орлого олжээ.
Сайн найз, өрөөний хамтрагчид Хенрике Дубуграс болон Педро Франчески нар бизнесийн зээлийн картыг гарааны бизнес эрхлэгчдэд санал болгоход илүү хялбар байх болно гэж бодсон боловч тэдний үйлчлүүлэгчдийн 60 хувийг дунд хэмжээний компаниуд эзэлж байна.