2020 оноос хойш дэлхийн тэрбумтнуудын эгнээнд шинээр 573 хүн нэгдэж, нийт тэрбумтнуудын тоо 2668 болсныг “Oxfam” сайн үйлсийн байгууллага ням гарагт дэлгэсэн судалгаандаа дурджээ. Өөрөөр хэлбэл цар тахлын жилүүдэд дунджаар 30 цаг тутамд нэг шинэ тэрбумтан мэндэлж байсан гэсэн үг юм.
“Forbes”-ийн мэдээлэл дээр тулгуурласан уг судалгаагаар тус байгууллага сүүлийн хоёр жилд дэлхий даяар орлогын тэгш бус байдал хэрхэн нэмэгдсэнийг харуулахыг зорьсон аж. Мөн өнөө цагийн хамгийн чинээлэг эрхмүүд, дэлхийн бодлого тодорхойлогчид цугладаг Давосын эдийн засгийн чуулган эхэлж буй цаг үетэй дээрх судалгааны үр дүн давхцсан нь онцлог болж байна.
Түүнчлэн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ цар тахлын үед 3.8 их наяд ам.доллараар буюу 42 хувиар нэмэгдэж, 12.7 их наяд ам.долларт хүрсэн байна. Орон орны засгийн газрууд covid19-ээс шалтгаалсан эдийн засгийн цохилтыг бууруулах зорилгоор их хэмжээний мөнгө гаргасан, түүнээс шалтгаалж хөрөнгийн зах зээл идэвхжсэн нь энэхүү өсөлтийн гол түлхэц болжээ.
Үүнтэй зэрэгцэн хөрөнгийн тэгш бус байдал болон хүнсний үнийн өсөлт нь энэ онд 263 сая хүнийг нэн ядуу ангилалд оруулах эрсдэлтэйг “Oxfam”-ын судалгаа харуулжээ. Гэтэл хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэрбумтнуудын тоо сүүлийн хоёр жилд 62-оор нэмэгдэж, нийлүүлсэн хөрөнгө нь 382 сая ам.доллараар буюу 45 хувиар өссөн байна.
“Түүхийн нэгэн мөчлөгт ядуурал болон хөрөнгийн хэмжээ нэгэн зэрэг ийм хурдацтай өсөлт үзүүлж байсныг би хараагүй.” хэмээн “Oxfam”-ын тэгш бус байдлын эсрэг хэлтэсийн дарга Макс Лоусон өгүүлсэн байна.