Урд хөршийн Covid19-ийн эсрэг хатуу бодлого бизнесийн өсөлтөд саад учруулж байгаа тул “Apple” компани үйлдвэрлэлдээ Хятадаас хамааралтай байдлаа алсдаа бууруулж, харин бусад орон дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйг “Wall Street Journal” мэдээлжээ.
“Apple” компани энэхүү зорилгынхоо талаар Хятадад төвтэй зарим угсралтын компаниудад мэдээлэл өгсөн тухай ойрын эх сурвалжууд дурдсан аж. Үүний зэрэгцээ тус компани Вьетнам болон Энэтхэг дэх үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн тухай мэдээлэл байна.
Гэхдээ Бээжин, Шинэ Дели хоорондын улс төрийн хурцадмал харилцаа “Apple”-ийн Хятад дахь гэрээт компаниудад Энэтхэгт шинэ үйлдвэрээ нээхэд хүндрэл учруулж магадгүй юм.
Хятад улс удаан хугацааны турш “Apple”-ийн үйлдвэрлэлийн төв байсаар ирсэн бөгөөд өдгөө “iPhone”, “MacBook”, “iPad” зэрэг компанийн гол бүтээгдэхүүнүүдийн 90 гаруй хувийг тэндхийн үйлдвэрүүдэд угсарч байна.
Хятадад Covid19-ийн тархалт нэмэгдсэн нь иргэдийг удаан хугацаанд гэрт нь тусгаарласан хатуу хөл хориог дахин хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. Цар тахалтай зэрэгцэн амьдрах бусад орны бодлоготой эсрэгцэх Хятадын “тэг ковид” бодлого нь үнэхээр үр дүнтэй эсэх, түүнчлэн хүмүүнлэг ёсонд харшилсан эсэх дээр багагүй шүүмжлэл гарах болсон билээ.
Хөл хорионоос шалтгаалсан нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатал компанийн борлуулалтыг 8 тэрбум хүртэлх ам.доллараар бууруулах эрсдэлтэй нь “Apple” компанийн хоёрдугаар улирлын тайлангийн хурал дээр дурдагджээ.