Үлгэрийн мэт тосгон, тав тухтай далайн эргийн амралтын газар, усан үзмийн талбайн дэргэдэх дундад зууны цайз гээд жуулчдын хөлд дарагдаагүй “нууц” газрууд Европ тивд олон бий.
Тэгвэл “European Best Destinations” агентлаг нийтийн аялал жуулчлалаас ангид өвөрмөц мэдрэмжийг авч, байгальтай эргэн холбогдох хүсэлтэй аялагчдад зориулан 2022 оны “Европын нуугдсан эрдэнэс” жагсаалтыг гаргажээ.
1. Батуми – Гүрж
Европ, Азийн уулзвар дээр 2000 жилийн түүхийг элээхдээ “Хар тэнгисийн сувд” нэрийг авсан үзэсгэлэнт Батуми нь Гүрж улсын Ажара мужийн нутагт, далайн эрэг дээр оршдог. Эртний түүхэн дурсгалууд, орчин үеийн амьдралыг хослуулсан өнгөлөг Батуми хотод жилийн аль ч улиралд зочлох боломжтойн зэрэгцээ ойролцоох тусгай хамгаалалттай газар нь ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
2. Торревьеха (Torrevieja), Испани
“Хуучин цамхаг” буюу Торревьеха бол Испанийн Валенсиа мужид, Газар дундын тэнгисийн эрэг дээр байрлах хот юм. Харин хотын хоёр талаас хүрээлэн орших ер бусын өнгөтэй давст нуур нь шувуу ажиглагчид, дугуйн спорт сонирхогчдоос эхлээд инстаграмаа гоёмсог зургаар чимэх хүсэлтэй жуулчдын зорих цэг болдог.
3. Пьетрапартоза (Pietrapertosa), Итали
Италийн өмнөд хэсгийн Базиликата мужийн уулархаг нутагт орших Пьетрапартоза тосгоныг анх харахад хадан цохиог сийлээд барьчихсан мэт санагдуулдаг. Нарийнхан гудамжнууд, цайз доорх дундад зууны барилгууд, өндрөөс харагдах үзэсгэлэнт байгаль зэргээрээ энэхүү тосгон нь Италийн хамгийн гоёмсог тосгодын нэгт заавал тооцогддог юм.
4. Лосинь арал (Losinj), Хорват
Калварья уулын бэлд, Газар дундын тэнгисийн дунд орших Лосинь арал нь нарлаг эрэг, номин хөх ус, амттай хоолоороо таныг Хорват улсад дурлуулах болно. Арал дээр орших тосгон нь 20-р зууны эхэн хүртэл загасны аж ахуйн гол боомт байсан боловч сүүлийн үед жуулчдыг хүлээж авахад илүү тохиромжтой болон өөрчлөгджээ.
5. Калеиа де Палафрюгел (Calella de Palafrugell), Испани
Хотын дуу шуугиан, завгүй амьдралаас холдож эртний бяцхан тосгоны амгалан тайвныг мэдэрье гэвэл Каталоны Калеиа төгс сонголт болно. Усан дундах хадан цохионууд, эрэг дээрх загасчдын завинууд, цагаан өнгөөр ижилсэх барилгуудыг нь харсан хүмүүсийн толгойд “энгийн амьдрал гэж үүнийг л хэлэх байх даа” гэсэн бодол шууд буудаг гэнэ.
6. Бодуан (Bauduen), Франц
Ницца хотоос 90 минут яваад очих боломжтой энэхүү “диваажин”-г мэдэх жуулчид тун цөөн байдаг. Далай судлалын төвд шинэ мэдлэгийг олж авах, одон орны төвөөс шөнийн тэнгэрийг дурандах, “Art in Toys” музейд хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх гээд зугаатай зүйлс дуусахгүй тул Бодуан нь байгалийн дундах төгс амралтын цэг болдог.
7. Тун (Thun), Швейцарь
Бернийн Оберланд мужийн Тун нуурын эрэг дээрх энэхүү хотын 1100-аад оны үед баригдсан алдарт цамхгаас Альпийн нурууны жинхэнэ гоо үзэсгэлэнг тольдох боломжтой. Тус улсын нийслэл Берн хотын иргэд амралтын өдрөөр Тунд ирцгээж нуурын эргээр алхах, уулын дугуй унах, мөн өвлийн цагт цанаар гулгах дуртай байдаг.
8. Кведлинбург (Quedlinburg), Герман
Саксон нутагт орших Кведлинбург нь дундад зууны үед хүчирхэг, чинээлэг хот байсан бөгөөд ЮНЕСКО-ийн соёлын өв, Европын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болжээ. Германы уламжлалт модон барилгууд бүхий гудамжууд, 10-р зуунд амьдарч байсан хааны бунхан бүхий үзэсгэлэнт цайз, сүмээрээ энэ хот таны сэтгэлийг татах болно.
9. Сант Маргерит арал (Sainte Marguerite), Франц
Сант Маргерит арал нь Францын Канн хотын эргээс километр гаруй зайд, Газрын дундад тэнгист оршдог. Цэвэрхэн бөгөөд амгалан тайван, ямар ч машингүй, нарсан ойгоор хүрээлэгдэж, далайн үнэр сэнгэнэсэн энэхүү арал дээр амрах, алхах, дугуй унах, эсвэл зүгээр л эргэн тойрныг ажиглахад танд мартагдашгүй дурсамж үлдээнэ.