Ирээдүй судлал гэдэг нэр томьёог зөнч, үзмэрчтэй холбон ирээдүйг таамаглах хэмээн эндүү ташаа ойлгож болох юм. Гэвч ирээдүйг тандах, судлах шинжлэх ухаан нь уран зөгнөл эсвэл цаашид юу болохыг тааварлах үйлдэл бус өнөөдрийн боломжуудын бүх үр дүнг урьдчилан тооцоолж, эрсдэл үр дүн, ашгийг төлөвлөсний үндсэн дээр хамгийн таатай замыг нь сонгох, өөрөөр хэлбэл хүссэн ирээдүйгээ бүтээх үйл явц гэж ойлгож болно.
Хэдийгээр өнгөрөгч зууны дунд үеэс дэлгэрч эхэлсэн, харьцангуй шинэ ойлголт ч ирээдүйч сэтгэлгээг үндэстэн тив дагнасан томоохон компаниуд, Финланд, Япон, Сингапур, АНУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орны удирдлагууд бодлого тодорхойлохдоо зайлшгүй ашигладаг байна. “Хэрэв 3D хэвлэгчээр хэвлэсэн хиймэл мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүн хэрэглээнд өргөнөөр нэвтэрвэл Монгол Улсын мал аж ахуйд ямар нөлөө үзүүлэх вэ?”, “Монгол Улс арван том хот байгуулбал юу болох вэ?”, “Монгол гэрийг ухаалаг технологиор тоногловол бидний өдөр тутмын амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?” зэрэг сэдвээр боломжит ирээдүйг зөгнөхөөр дөрвөн хүнээс бүрдэх дөрвөн багийн гишүүд оюунаа уралдуулж байна.
Автоматжуулсан таатай гэрт амьдарсаар байгаад монгол хүний байгальтай харилцан зохицож амьдрах чадвар алдагдана, олон хоттой болбол цөөн хүн амтай манай орны хувьд эзэнгүй хотууд олон болно, малын гаралтай нийлэг бүтээгдэхүүн хямдхан болбол мал цаашдаа зэрлэгшинэ зэрэг өгүүлбэр тал талд сонсогдоно. Энэхүү бяцхан туршилт бол Тайпей дахь Тамканг их сургуулийн Ирээдүй судлалын институтын дэд профессор, Ирээдүйн тандалт, судалгааны төвийн захирал Мэймэй Сонгийн тавьж буй лекцийн нэг хэсэг. Ирээдүйч сэтгэлгээг ашиглан шинэ нээлт, өөрчлөлтийг хөгжүүлэх чиглэлээр дэлхийн олон орны байгууллага, корпораци, удирдагчидтай хамтран ажилладаг тэрбээр Монгол оронд зөв голдирлоор хөгжих маш том боломж байгаа хэмээн үзэж байна.
Ирээдүйн тухай таамаг, зураглал, зөгнөл дэвшүүлэх нь хүн төрөлхтний түүхийн аль ч үед байсаар ирсэн үзэгдэл. Зарим түүхч Английн зохиолч Х.Г.Уэллсийг орчин цагийн ирээдүй судлалыг үндэслэгч хэмээн үздэг. 1901 онд хэвлэгдсэн “Механик болон шинжлэх ухааны дэвшлийн хүний амьдралд нөлөөлөх хариу урвал: Ирээдүйг зөгнөхүй” номонд ургуулан бодохоос илүү шинжлэх ухааны арга зүй ашиглан 2000 оныг таамагласан нь үнэнд тун дөхөж очсон юм. Үүний дараа Дэлхийн II дайны үед ирээдүй судлал илүү гүнзгийрэн хөгжиж, байлдааны стратеги боловсруулах үйл явцтай салшгүй холбоотой болсон байна. Дайны дараа барууны олон орон, тэр дундаа Скандинавын орнууд ирээдүй судлал, тандалтыг өдөр тутмын нийгмийн амьдрал тэр дундаа компани болон төрийн засаглалд зайлшгүй багтаадаг болжээ.
Ирээдүй судлалын талаар хатагтай Мэймэй Сонг “Бид ирээдүй гэж ярьдаг боловч яг үнэндээ ирээдүй гэдэг хоосон зүйл. Тийм учир ирээдүйг тандагчид ирээдүйг бус өнөөдрийг судалдаг юм. Хий хоосныг дүүргэх хязгааргүй олон боломжоос хамгийн оновчтойг нь шүүрэн авч, тэр зүг рүү чиглүүлэн хөтлөх нь ирээдүйчдийн үүрэг” хэмээсэн юм.
Бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг үргэлжилсэн шулуун шугамаар төсөөлдөг. Өнгөрсөн, одоо хоёр нэг шулуунд оршиж болох ч ирээдүйг дүрслэх гэж оролдвол тоо томшгүй олон цацраг зурах шаардлагатай болно.
Тийм ч учир ирээдүй судлалын мэргэжилтнүүд ирээдүйг олон тоон дээр ярьдаг. Арван жилийн дараах ирээдүй ямар байх нь тодорхойгүй. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар ирээдүйн хувилбар гэх мэт хязгааргүй үргэлжлэх ба тэдний аль нь ч биелэх боломжтой. Хэрэв гуравдугаар ирээдүйн хувилбар бидний хүссэн ирээдүй биш бол бид үүнтэй нүүр тулахдаа ямар бэлтгэлтэй байх вэ? Эсвэл сэргийлэх арга бий юү? Гурваас дөрөвдүгээр ирээдүйн хувилбарыг хэрхэн бүтээх вэ? Ирээдүйч сэтгэлгээ энэ бүхэнд хариулт өгдөг бөгөөд аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд энэ талын мэргэжилтнүүд байх нь зохистой хөгжлийн горимд чиглүүлдэг ажээ.
Финланд улсын Ирээдүй судлалын хороо парламентын даалгасан дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэж, тайлан бэлтгэдэг. Юуны түрүүнд 2030 оны зорилтод (НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дагах г.м) хүрэх үйл явцын талаар мэдээлэл өгөх, үүний төсөв, зардал гэх мэт тайланг танилцуулах байдаг. Дараагаар нь Ирээдүй судлалын хороо Финландын ирээдүйд нөлөөлж болохуйц ер бусын үзэгдлүүд, хүмүүсийн хандлага, шинэ нээлт зэргийг бага дээр нь нээн илрүүлж, улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх үр дагаврыг тооцоолдог. Мөн үүний дараа хороо нь ардчилал, улс төрийн удирдлагыг сайжруулах шинэлэг санаа, санаачилгыг боловсруулах ба үүндээ ард иргэдийн санал хүсэлтийг мөн оролцуулдаг юм. Үүнээс гадна хиймэл оюун ухааныг ч үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглах болжээ. Тус хорооны сүүлийн үүрэг нь ирээдүйн судалгаа, тандалт, алсын хараат байдлыг хөгжүүлэх юм. Үүнтэй холбогдуулан олон төрлийн арга барил, хэрэгсэл зохион бүтээсэн байдаг бөгөөд үндэстний болон олон улсын чиг хандлага, эсрэг хандлага болон энэ хоёрын зөрчлөөс үүссэн хурцадмал байдал зэргийг танддаг ба ирээдүйд нуугдаж буй боломжийн хязгаарт тулахыг хичээдэг аж.
Сүүлийн үеийн техник, технологийн үсрэнгүй дэвшилтээс болж бүх зүйлс дэндүү хурдан өөрчлөгдөж байгаа тул уламжлалт, хоцрогдмол сэтгэлгээнээс хагацахгүй л бол хөгжлөөс хоцрох төлөвтэй байна. Мөн өндөр хөгжилтэй хэмээн нэрлэгддэг барууны орнуудын хөгжлийн загварыг Ази тивийн улс орнууд шууд хуулбарлан дуурайх нь зохистой юу гэсэн асуултыг ирээдүй судлаачид тавьж байна. Эдийн засаг нь хүчирхэгжсэн, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд маш олон алдаа гарган, түүнээс суралцсаны үндсэн дээр өнөөгийн байр суурийг олсон ч шийдэхэд хэтэрхий түвэгтэй болж, тулгамдсан асуудлууд цөөнгүй байна. Агаар болон байгалийн бохирдол, хүн амын бөөгнөрөл, хотуудын ачаалал, эрчим хүчний дутагдал, хоол хүнс болон цэвэр усны хомсдол богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн бүх оронд үзэгдэж байгаа нь аж үйлдвэрлэлийн эрин үе эхлэхэд хүмүүс бүтээн байгуулалт, эдийн засаг, ашиг орлогоо бодсоноос байгаль орчин, нөхөн сэргээгдэх баялгийг хадгалан үлдээх талаар огт бодлого баримтлаагүйн үр дүн юм. Хүмүүс бүх төрлийн байгалийн баялгийг үнэгүй, шавхагдашгүй мэт эндүүрч, хүрээлэн буй орчноо бохирдуулахыг юман чинээ боддоггүй байсан үе ард хоцорч хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн, ногоон хөгжлийн замыг өндөр хөгжилтэй орнууд сонгож, тэр чинээгээр хөрөнгө оруулалт шаардагдаж байна.
Барууны орнуудын хөгжлийн загварыг Азийн улс орнууд шууд хуулбарлах нь зохистой юу гэсэн асуултыг ирээдүй судлаачид тавьж байна.
Мэймэй Сонг технологийн өндөр хөгжилтэй энэ цаг үе хөгжиж буй орнуудад, жишээлбэл Монгол Улсын хувьд таатай нөхцөл хэмээн үзэж байгаа бөгөөд Европын ч юм уу, Азийн бусад аж үйлдвэржсэн орноос өөр, цоо шинэ моделиор хөгжих боломжтой гэлээ. Зөвхөн хөрөнгөлөг орнууд инноваци, бүтээлч байдлаар хөгжих чадвартай гэдэг ташаа ойлголт аж. Дэлхийн бүх орны, том жижиг ямар ч асуудлыг шинэчлэл, инновацилаг аргаар шийдвэрлэх боломж бий. Зуун жилийн өмнө хүмүүсийн хэрэгцээ шаардлага харилцаа холбоо руу тэмүүлж байв. Бие биедээ ойртох, харилцаагаа хялбар хадгалах гэж зам харгуй, гүүр, машин, галт тэрэг, агаарын онгоц бүтээж эхлэв. Улмаар хотууд тэлж, хүмүүс сая саяараа нэг дор амьдарч, зах зээл, эдийн засаг томорсон нь эргээд толгой өвтгөсөн олон асуудлыг ургуулжээ.
“Буурай хөгжилтэй хэмээн нэрлэгдэж байгаа эдийн засагтай орнууд магадгүй хамгийн өргөн боломжтой, хүсэмжит улс байж болох уу? Бид өндөр хөгжсөн нийгмийг илүүд үздэг ч аж үйлдвэрлэл хэт хурдацтай хөгжихөөр дагуулдаг аюулуудыг ч мөн өөрийн биеэр туулж байна. Агаарын, хөрсний, далайн, байгалийн бохирдол, замын түгжрэл ачаалал, гэмт хэргүүд зэрэг олон асуудал хөгжилтэй орнуудад элбэг тохиолдох бөгөөд ихэнх хүн үүнтэй тэмцэх арга үгүй гэж үздэг. Гэвч энэ бидний хүсэж буй амьдрал мөн үү гэж асуух хүмүүс өдрөөс өдөрт олширч байгаа бөгөөд хөгжиж буй орнуудын хувьд хараахан цэцэглэж амжаагүй байдал нь эргээд давуу тал болж байгаа юм. Нэгэнт үүсгэчихсэн үлэмж хэмжээний дэд бүтэц, соёл, эдийн засгийг өөрчлөх боломж тун хомс, харин аж үйлдвэржээгүй орнууд эдгээр асуудлыг давтахгүй, тойрон гарах боломжтой” хэмээн тэр өөрийн бодлоо хуваалцсан юм.
Жишээлбэл, Улаанбаатар хот тэлэхийн хэрээр хүүхдүүдэд хангалттай сургуулийн байр байхгүй гэдэг. Уламжлалт аргаар энэ бэрхшээлийг давах гэж оролдвол бид нэмж олон сургууль барьж, багш нар бэлдэх шаардлагатай болно. Мэдээж энэ нь Улаанбаатар хотыг яг энэ хэмнэлээр хөгжиж, хүн ам нь өснө гэж төлөвлөнө гэсэн үг юм. Харин цаашид энэ хөгжил үргэлжлэхгүй зогсвол яах вэ? Цэвэр агаартай, зөв төлөвлөлттэй, шинэ хот байгуулж, Улаанбаатарыг нүүлгэх боломжтой юу? Эсвэл технологийн хөгжлийг ашиглан хүүхдүүд гэрээсээ гаралгүй боловсрол авах шинэ систем боловсруулж болох уу? Ямар ч технологийн шинэчлэл дэд бүтцээс хурдан хөгждөг. Эдгээр асуулт бодит байдалтай нийцэмжгүй мэт сонсогдох ч ирээдүй цаг дээр боломжтой. Бид төсөөлөн бодох чадвараа хайрцаглаж болохгүй бөгөөд эвгүй, таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа санаанууд ч биелэх магадлал байгааг харгалзан үзэх ёстой аж. Хувь хүн, гэр бүл, албан байгууллага, улс төрийн удирдах хэсэг ирээдүйч, алсын хараат байдлаа хөгжүүлэхийн тулд үргэлж ирээдүйн талаар сонирхож, бодож, төсөөллөө сул тавих, юу ч тулгарсан хүлээж авах бэлтгэлтэй байх нь чухал юм. Дэд профессор Сонг “Бид аж үйлдвэржилт, өндөр хөгжлийн араас хөөцөлдөхөө түр азнаад хэсэгхэн зуур ч гэсэн бодох хэрэгтэй. Амжилтад хүрэх гэж юу юм бэ? Амжилтын тодорхойлолтыг өөрчилж болох уу?” хэмээн асууж байна.
О.АГИЙМАА