Европын комиссоос гишүүн орнуудын сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, шатах ашигт малтмалын Оросоос хамааралтай байдлыг бууруулах төлөвлөгөөг нарийвчлан тайлбарлахдаа одоо байгаа нүүрс боловсруулах, ашиглах байгууламжуудын хэрэглээ тооцоолсноос удаан хугацаанд үргэлжлэх магадлалтайг хүлээн зөвшөөрчээ.
Лхагва гарагт тус байгууллага эрчим хүчний хэмнэлт, түүний импортын төрөлжилт болон Европ даяар цэвэр эрчим хүч рүү шилжих явцыг түргэсгэхийн ач холбогдол, зорилгыг тодорхойлсон “REPowerEU” төлөвлөгөөний баримт бичгийг гаргасан байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 2022-2027 оны хооронд нийт 210 тэрбум еврогийн (220.87 тэрбум ам. доллар) нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ.
Харин шатах ашигт малтмалын нөхцөл байдал дээр илүү хүнд сорилтуудтай тулгарахаар байгаа аж. “Eurostat”-ын тайлангаас үзвэл өнгөрсөн онд Европын Холбооны газрын тос болон байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч нь ОХУ байжээ.
Оросын импортын орон зайг нөхөж, газрын тосны хангамжийг найдвартай байлгахын тулд 1.5-2 тэрбум евро, түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хий болон хоолойгоор дамжих хийн импортын өөр эх үүсвэртэй болохын тулд дор хаяж 10 тэрбум евро шаардлагатай байгааг Европын Комисс дурджээ. Дээр нь Европын Холбоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 55 хувиар багасгах, 2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгаруулалтыг тэглэх зорилт тавиад буй.
Иймд Европын Холбоо байгалийн хийн хэрэглээгээ эрчимтэй бууруулж, “шилжилтийн түлш” болгохоос татгалзахын зэрэгцээ одоо байгаа нүүрсний нөөц бололцоогоо тооцоолсноос удаан хугацаанд ашиглах төлөвтэйг Европын Комисс мэдэгдсэн байна.