Оросын шингэн хүнс үйлдвэрлэлийн “Очаково” компани Украины дайн эхэлсний дараа тус улсын зах зээлээс гараад буй хийжүүлсэн ундааны алдартай брэндүүдийг орлох цуврал бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
Тодруулбал Оросын иргэд “Coca-Cola”, “Fanta” “Sprite”-ийн оронд амт ижил, савлагаа нь ч төстэй “CoolCola”, “Fancy”, “Street” хэмээх ундаануудаас сонгох боломжтойг тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрөгч гуравдугаар сард “Coca-Cola” компани Орос дахь бизнесээ зогсоосноос хойш дээрх гурван брэндийн ундаа хойд хөршийн дэлгүүрүүдэд эрс ховордоод байгаа аж. Хэдий зарим дэлгүүрээс “Coca-Cola”-г олох боломжтой ч үнэ нь 200 хүртэл хувиар өссөн байна.
1978 онд, ЗХУ-ын үед үүсгэн байгуулагдсан “Очаково” нь хөх тариагаар хийдэг квас, зөгийн балаар хийдэг медовуха зэрэг Оросын уламжлалт ундааг голчлон үйлдвэрлэсээр иржээ.
Гэхдээ “Coca-Cola”-гийн зах зээл дэх эзгүй орон зайг давуу тал болгохыг оролдож буй Оросын анхны компани нь “Очаково” биш юм. Өнгөрсөн саруудад Алс Дорнодод төвтэй “Славда групп” нь “Grink Cola” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол Комигийн БНУ-ын “Сыктывкарпиво” үйлдвэр өөрийн гэсэн “Komi Cola”-г гаргаж байв. Гэхдээ тус хоёр бүтээгдэхүүн хоёул хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй аж.