Маш ховорт тооцогддог “1955 Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe” уралдааны машин энэ сарын эхээр дуудлага худалдаагаар 135 сая евро буюу 143 сая ам.долларын үнээр зарагдсаныг “RM Sotheby’s” байгууллагаас зарлажээ. Ингэснээр тус машин 90 сая ам.долларын өмнөх дээд амжилтыг эвдэж, түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн машин болсон байна.
Тус дуудлага худалдаа тавдугаар сарын 5-нд, Германы Штутгарт хотод байрлах “Mercedes-Benz” музейд хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Британийн машин цуглуулагч, зөвлөх, дилер Симон Кидстон нэрээ нууцалсан нэгэн худалдан авагчийн өмнөөс оролцож, ялалт байгуулжээ. Тэрбээр тус машиныг заруулахын тулд “Mercedes-Benz”-ийн удирдлагыг 18 сарын турш лоббидсон аж.
“Mercedes”-ийн авто уралдааны хэлтсийн ахлах инженер, дизайнер Рудольф Уленхаутын нэрээр нэрлэгдсэн тус машиныг 1955 онд ердөө хоёр ширхэг үйлдвэрлэж байжээ. 3.0 литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий “300 SLR” нь 290 км/цаг хүртэл хурдалдаг тул тухайн үедээ хамгийн хурдан машинуудын нэгт тооцогдож байв.
Тус дуудлага худалдаанаас олсон орлогыг байгаль орчин хамгаалах, хүлэмжийн хийг бууруулах судалгаа болон тэтгэлэгт хөтөлбөрт чиглэсэн хандивын санд зориулах болохоо “Mercedes-Benz” компаниас мэдэгджээ.