Чон Ва Тэ буюу “Хөх ордон” нь БНСУ-ын Засгийн газар 1948 онд байгуулагдсанаас хойш тус улсын үе үеийн ерөнхийлөгчдийн амьдрах сууц, албан газар нь байсаар ирсэн юм. Букхансан уулын хормойд, хуучин хааны ордны дэргэд байрлах тус ордны дээврийг гараар урласан 150 мянган ширхэг хөх өнгийн хавтангаар бүрсэн тул дээрх нэрийг авсан аж.
Тэгвэл Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сүк Ёл төрийн тэргүүний өргөөг шинэ байршилд шилжүүлэх шийдвэр гаргаснаар 74 жилийн түүхтэй Хөх ордны албан зориулалт дуусгавар болж байна. Сонгуульд ялалт байгуулсныхаа дараахан буюу гуравдугаар сарын 20-нд тэрбээр ерөнхийлөгчийн байр, албан газрыг Ёнсан дахь Батлан хамгаалах яамны байр руу шилжүүлж, харин Хөх ордныг цаашид олон нийтэд нээлттэй парк болгохоо зарлаад байсан юм.
Ингэхдээ тэрбээр ард түмнээ нэгдүгээрт тавьдаг ерөнхийлөгч байх хүсэлтэй тул энэ шийдвэрийг гаргасан болохоо тайлбарлажээ. “Хөх ордон нь манай улсын түүхэнд хэмжээгүй эрхт засаглалын бэлгэ тэмдэг байсаар ирсэн тул ерөнхийлөгчийн өргөөг нүүлгэснээр эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж байгаа хэрэг юм” хэмээн шинэ ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өгүүлжээ.
Гэхдээ Юн Сүк Ёлын энэ шийдвэр нь үнэндээ фэнг-шүйн мухар сүсэгтэй хамааралтай гэсэн шүүмжлэл түүний өрсөлдөгчид, зарим улс төрчдийн зүгээс гарсан байна. Өмнөх ерөнхийлөгчдөд тохиолдсон золгүй явдлаас үүдэн Хөх ордны байгаа газрыг хараагдсан хэмээн фэнг-шүйн итгэгсэд үздэг аж. Тус улсын 25 жилийн ардчиллын түүхэнд зургаан ерөнхийлөгчийн дөрөв нь шоронд хоригдож, эсвэл амиа егүүтгэж байжээ.
Ерөнхийлөгчийн өргөөг Ёнсан руу шилжүүлэх ажилд ойролцоогоор 49.6 тэрбум воны зардал гарахыг БНСУ-ын эдийн засаг, сангийн яамнаас мэдээлсэн байна.