Лхагва гарагт “Alphabet” группийн харьяа “Google” компанийн хойд хөрш дэх салбар дампуурлаа зарлах мэдэгдэл хүргүүлжээ. Тус салбарын банкны дансыг Оросын эрх баригчид битүүмжлэх шийдвэр гаргасан нь “ажилтнууд, ханган нийлүүлэгчид, борлуулагчдын ажиллах нөхцөлийг хангах, цалинжуулах, түүнчлэн санхүүгийн бусад үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон” хэмээн “Google”-ийн хэвлэлийн төлөөлөгч өгүүлжээ.
Хоёрдугаар сард ОХУ Украин руу халдан довтолсны дараа барууны олон компаниудын нэгэн адил “Google” компани тус улс дахь бизнесийн ихэнх үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Гэхдээ тус салбар дампуурлаа зарласан ч “Search”, “YouTube”, “Gmail”, “Maps”, “Android” зэрэг үнэгүй үйлчилгээгээ Орост зогсоохгүй болохыг мэдэгджээ.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард Кремлийн зүгээс хууль бус гэж үзсэн олон мянган контентыг устгах шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Оросын засгийн газар “Google” компанид 82 мянган ам.долларын торгууль ноогдуулж байв. Түүнчлэн арван хоёрдугаар сард Оросын эрх баригчид дээрхтэй ижил шалтгаанаар тус компанийг 92 сая ам.доллараар дахин торгож байжээ.
ОХУ-ын цахим хөгжлийн сайдын өгүүлснээр тус улс өөрийн гэсэн хаалттай интернэтийн сүлжээг туршиж байгаа ч дэлхий дахины цахим сүлжээнээс холболтоо таслах төлөвлөгөө байхгүй аж.