Бразилын иргэн Уолтер Ортманн 2022 онд 100 насны төрсөн өдрөө тэмдэглэсний зэрэгцээ одоогийн ажилдаа орсны 84 дэх жилтэйгээ золгожээ. Хүсэл тэмүүлэл, сахилга бат, тууштай байдлын үлгэр жишээ болсон түүнийг Гиннесийн ном үнэлж, “Нэг байгууллага дахь хамгийн удаан карьер” гэсэн дээд амжилтын эзнээр тодруулсан байна.
Бразилын Бруске хэмээх голдуу германы цагаачид амьдардаг жижиг хотод төрсөн тэрбээр 15 настайдаа буюу 1938 оны нэгдүгээр сарын 17-нд Санта Катерина мужид орших “Industrias Renaux S.A” нэхмэл эдлэлийн компанид ажилд орж байжээ.

Анх тээвэрлэлтийн туслах ажилтан хийдэг байсан Уолтер сайн ур чадвар, суралцах хүсэл тэмүүллээрээ удирдлагын анхаарлыг татаж, төд удалгүй борлуулалтын албанд ажиллах болсон байна. Ийнхүү амжилттай борлуулалтын менежер болсон тэрбээр 50-иад оноос эхлэн улсынхаа өнцөг булан бүрээр аялж, шинэ хүмүүстэй уулзан холбоо тогтоох болсон нь ажилдаа улам дурлах шалтгаан нь болжээ.
Түүний мэргэжлийн карьерын 84 жилийн хугацаанд компанид нь, эх оронд нь, дэлхий дахинд маш олон зүйл өөрчлөгджээ. Тиймээс бизнесийн хамгийн гол зарчим нь орчин тойрон, нөхцөл байдлын өөрчлөлтөд байнга бэлтгэлтэй байж, дасан зохицож чаддаг байх явдал гэдгийг тэрбээр ойлгосон байна.
Дөрөвдүгээр сарын 19-нд Уолтер 100 насныхаа ойг хамтран ажиллагсад, найзууд, гэр бүлийнхний хамт нижгэр тэмдэглэжээ. Тайван амьдралыг эрхэмлэж, өдөр бүр дасгал хийдгийн ачаар тэрбээр ажилдаа өдөр бүр явах эрч хүч, эрүүл бие, саруул ухаантай хэвээр байгаа аж.
“Би маргааш юу болох талаар санаа зовдоггүй, төлөвлөгөө огт гаргадаггүй. Маргааш гэдэг бол миний өглөө босож, дасгалаа хийж, ажилдаа явах жирийн л нэг өдөр. Хүн өнгөрсөнд, ирээдүйд биш одоо цагтаа л завгүй байх хэрэгтэй” хэмээн тэрбээр өгүүлжээ.