Өнгөрсөн жил метаверсийн талаарх яриа цөөхөн хүний дунд өрнөж байсан бол одоо энэ тухай ярихгүй бол л хөгшин, хоцрогдмол хүн мэтээр харагдах болжээ.
Фэнүүд их наядаар хэмжигдэх метаверсийн боломжийг үнэлж байна. Саяхан “Zoom” хуралд оролцоход нэгэн хүн метаверсийг 2030 он гэхэд найман их наяд ам.долларын зах зээл болно гэв. Тэр хөвгүүд нь дижитал урлагаас мөнгө олж байгаа гэдгээс өөр тайлбар өгсөнгүй. Харин өөр нэг найзын минь хэлснээр метаверсийн хөөсрөл болж буй бөгөөд шуугианыг багасгах арга замыг эрэлхийлж байгаа аж.
Түүхээс харахад метаверс интернэтийн хөөсрөл шиг л том болох магадлалтай боловч бүү сандар. Танд цаг байна. Сандарсан хариу үйлдэл бол хариу өгөхгүй байснаас ч дор. Та метаверст эрч хүч, хөрөнгөө зарцуулахаас өмнө метаверс гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг мэдэж буй эсэхээ шалгаад үзээрэй. Та үүнийг тодорхойлж чадах уу?
Дэлхийн шилдэгт тооцогдох “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла метаверсийг хамгийн энгийн бөгөөд богино үгээр тодорхойлсон ба түүнийхээр метаверс нь хоёр ангилалд хуваагдана.
• Дижитал ертөнцийн бодит дүрслэл
• Бодит ертөнцийн дижитал дүрслэл
Үүнийг задалж үзье. Бодит ертөнцийн дижитал дүрслэл аль хэдийн хийгдэж байгаа. Технологийн менежерүүд үүнийг “digital twin” гэж нэрлэдэг билээ. Газрын тос, байгалийн хийн хоолой, цахилгаан станц, чипний үйлдвэр, эмийн хангамжийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэх мэт том, өндөр өртөгтэй биет төслийг бодоод үз дээ. Ийм ажлын явцын мэдээллийг цаг тухайд нь өгөхгүй л бол бүтэлгүйтэх нь дамжиггүй. Дөчин жилийн өмнө “Walmart” ямар бараа, бүтээгдэхүүн зарагдаж байгааг харахын тулд баркод уншигч болон Олон улсын бизнес мотор корпорац (IBM)-ийн үндсэн компьютер ашиглан энгийн “digital twin” стратегийг ашигласан. Ингэснээр Арканзас дахь “Walmart”-ын төв оффисын менежер Колорадо дахь дэлгүүрт зохицуулалт хийж чаддаг болсон.
“Digital twin” хэмээх санаа нь шинэ зүйл биш бөгөөд хагас дамжуулагч, мэдрэгч, утасгүй сүлжээ, программ хангамж, график, урьдчилан таамаглах аналитик, хүчирхэг зөөврийн компьютерийн шинэ үе бүрээр урагшилсаар байна. Үүнийг бизнесийн метаверс гэж төсөөлөөд үз дээ. Одоогоор “Adobe”, “Microsoft”, “Nvidia”, SAP болон бусад томоохон технологийн компани үүгээр тэргүүлж байна. Дижитал ертөнцийн бодит дүрслэл буюу хэрэглэгчийн метаверс нь таамаглаж байсанчлан ихээхэн шуугиан тарьж байна. Аравдугаар сард “Facebook” компанийхаа нэрийг “Meta” болгон өөрчилсөн. Тэдний зорилго нь сошиал медиа хэрэглэгчидээ аватар, уран зөгнөлт тоглоом, дижитал урлаг, криптовалют гэх мэт 3D ертөнц рүү шилжүүлэх явдал юм. “Facebook” метаверсийн талаарх төсөөллөө бүтээхэд олон тэрбумыг зарцуулсан ч гүйцэтгэх захирал Марк Закерберг өнөөг хүртэл хөрөнгө оруулагчдынхаа сэтгэлийг хөдөлгөж чадаагүй л байна.
Үүнд нэг таамаг байна. “Meta” хэрэглэгчийн метаверсийг удирдахгүй. Хэрэглэгчийн технологийн ирээдүйг харахын тулд эхлээд Ази, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн компаниудыг авч үзэх хэрэгтэй болж магад. Тоглоом, энтертайнмент, спортын компаниудыг үл тоомсорлож болохгүй. (Намайг энэ нийтлэлийг бичсэнээс нэг өдрийн дараа “Microsoft” АНУ-ын тоглоом хөгжүүлэгч “Activision Blizzard”-ыг 69 тэрбум ам.доллараар авах санал гаргаснаа зарласан юм).
Дөчин жилийн технологийн өөрчлөлтийг ажигласныхаа үр дүнд хоёр үндэслэл гаргалаа. Нэгдүгээрт, хэрэглэгчийн технологийн хувьсгалыг ихэвчлэн залуу хэрэглэгчидтэй залуу компаниуд удирддаг. (Бизнесийн технологийн хувьсгалыг эсрэгээрээ 35-60 насны хүмүүс удирдах хандлагатай байдаг. Чингэлэг тээвэрлэлт, харилцааны мэдээллийн сан, үүлэн тооцоолол, 5G утасгүй сүлжээ зэргийг бодоод үзээрэй). “Meta” нь дэд бүтцийн компани шиг харагдаж буй бөгөөд үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг үндсэн технологийг эзэмшсэн (энэ жил дэлхийн хамгийн хурдан супер компьютерийг гаргахаар төлөвлөж байна). Удирдах ажилтнууд нь туршлагатай бөгөөд хожихоосоо илүү алдах зүйл ихтэй. 37 настай Марк Закербергт ажлаа тайлагнадаг ажилчид нь түүнтэй чацуу эсвэл түүнээс ахимаг насны хөрөнгөтэй хүмүүс.
Хоёрдугаарт, хэрэглэгчийн хувьсгал нь фанат хэрэглэгчдийг шаарддаг. “Apple”-ийн iPhone тийм байсан. “ByteDance”-ийн “TikTok” ч мөн адил. “Мeta” хаа сайгүй байх ч хүсэл тэмүүллийг өдөөдөггүй. Миний бодлоор тодорхой тооны фэнтэй залуу компаниуд Ази, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хэрэглээний зах зээл шиг хэрэглэгчийн метаверс рүү хүрэх замыг чиглүүлэх болно.
РИЧАРД КАРЛГААРД