“Mercedes-Benz” компанийн 2025 онд гаргах цахилгаан хөдөлгүүртэй G-Class загварын машин нь энергийн өндөр нягтаршил бүхий шинэ төрлийн батарейгаар тоноглогдох аж. Том оврын жийп машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход хүнд жинтэй батарей асуудал дагуулдаг байсныг энэ аргаар шийдэж чадсан болохоо тус компани мягмар гарагт мэдэгджээ.
“Sila Nanotechnologies”-ын үйлдвэрлэсэн тус батарей нь цахиур суурьтай анодыг ашиглахыг зэрэгцээ одоо ашиглагдаж буй батарейнаас харьцангуй хөнгөн жинтэй ч энергийн нягтаршил нь 20-40 хувиар илүү аж.
Өдгөө цахилгаан машины батарей үйлдвэрлэлд голчлон графит буюу бал чулууг ашигладаг бөгөөд тус ашигт малтмалын нийлүүлэлтийн 70 хувийг Хятад улс хангаж байна.
2024 онд Вашингтон мужид шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зэхэж буй “Sila Nanotechnologies”-ийн авто үйлдвэрлэлийн салбар дахь анхны үйлчлүүлэгч нь “Mercedes-Benz” компани болсон аж. Өмнө нь “Tesla”-д ажиллаж байсан инженерийн үүсгэн байгуулсан, Калифорнид төвтэй тус компани өнгөрсөн жил 590 сая ам.долларын санхүүжилт авснаар зах зээлийн үнэлгээ нь 3.3 тэрбум ам.долларт хүрчээ.