Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Сайн хамт олон амжилтын хэмжүүр

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Сайн хамт олон амжилтын хэмжүүр
Share on FacebookShare on Twitter

А.Бямбажаргал нэгэн удаа Португалын Фаро хотоор зугаалж яваад найзуудаасаа төөрч, гэрэлт цамхгаас тусах гэрлийг баримжаалж алхсаар тэднийгээ олж байжээ. Хожим нь гэрэлт цамхгийн нэрээр нэрлэсэн бизнес байгуулна гэж тэр тухайн үед төсөөлсөнгүй. Эдүгээ 32 настай А.Бямбажаргал боловсрол, технологи, PR маркетингийн дөрвөн бизнес нэгтгэсэн “Faro” группийг удирдаж байна.

“Faro” сургалтын төв, “Faro” сан, “Hippocards” аппликэйшн, iOTA, VR Lab компанид 110 орчим хүн ажиллаж байгаагийн дийлэнх нь 30-аас доош насны буюу Z үеийнхэн аж. “Faro”-ийн төв оффис өнгөлөг, цэлгэр, нээлттэй бөгөөд залуус ширээний хөл бөмбөг шаагилдан тоглож байгаа нь ажлын байр гэхээс илүү найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж байгаа мэт санагдана. “Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, үзэл бодол сонирхлоо хамгаалж сурсан залуу үеийн ажиллах арга барил, хандлага тэс өөр болсон байна. Тиймдээ ч аль болох уян хатан, чөлөөтэй ажлын орчин бүрдүүлж аль болох тэднийг ойлгож, сонсож ажиллахыг хичээдэг. Юу үзэж, юу сонсдогийг нь ч сонирхож судалдаг. Өнгөрсөн шөнө залуусын яриад байсан нэг цувралыг дуустал нь үзээд унтаж чадсангүй” гэж А.Бямбажаргал хэлээд инээв. Мөн албан байгууллагын хатуу дүрэм, журмаар залуусыг хүлэхийг хүсдэггүй гэдгээ ч илэрхийлж байсан юм. “Манай оффист 72 хүн биеэр ирж ажилладаг. Ингэхдээ тухайн өдрийн өглөө 07:30- 09:30 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, найман цаг ажиллаад тарах сонголттой байдаг. Заавал ирэх шаардлагагүй 50 орчим ажилтан бүрэн гэрээсээ ажилладаг. Тэдний арав орчим нь гадаад хүн” гэж тэр өгүүлэв. Цар тахлын үед уян хатан байдал, зайнаас ажиллах ажиллагааг амжилттай нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүнд хүрч, байгууллагын нийт бүтээмж өссөн байна.

Багшийн мэргэжилгүй ч англи хэл зааж, IT мэргэжилгүй ч технологийн компани удирдаж буй А.Бямбажаргалын үндсэн мэргэжил механик болон сэргээгдэх эрчим хүчний инженер. Хүүхэд байхаасаа нийгмийн идэвх, сахилга бат, сурлага сайтай байсан тэрбээр дунд сургуулиа дүүргээд АНУ-д бизнесийн удирдлагаар суралцах тэтгэлэг аваад бэлдэж байхдаа Хосе Мартины нэрэмжит 52-р сургуулийн шилдэг төгсөгчөөр тодорч Куба улсын Хавана хотын Санта-Кларагийн их сургуульд суралцах урилга мөн хүлээж авчээ. “Сургуулийн захирал маань хариуцлагатай хүүхэд илгээхгүй бол цаашдаа тэтгэлэг ирэхээ болино, сургуулийн нэр хүнд унах нь байна хэмээн санаа зовж байсан учир бусдын өмнөөс хариуцлагатай зан хөдлөөд Куба явахаар шийдэж байсан” гэж хэлэв. Социалист дэглэмтэй, буурай оронд сурсны давуу тал нь испани, англи хэл зэрэг сурч, олон орны найз нөхөдтэй болж, гайхалтай багш, менторуудтай танилцсан нь том завшаан гэж тэр үздэг ажээ.

А.Бямбажаргал Кубад суралцаж байхдаа өөр хотод аялж яваад цүнхээ хулгайд алдан, испани хэл сайн мэдэхгүй, ямар ч мөнгөгүй, шөнө болсон тул ойролцоох айлын хаалгыг тогшоод учир байдлаа тайлбарлатал чинээлэг айл байгаагүй ч боломжоороо дайлаад, ор засаж хонуулаад, цагдаад алдсан зүйлсийг мэдүүлж өгөөд явуулж байжээ. “Куба хүмүүс өөрт байгаа цорын ганц зүйлээ ч бусадтай хуваалцахад бэлэн, эв нэгдэл сайтай, хамтдаа хөгжиж сурсан санагддаг. Тэдний ачаар ажлаа хийж, амжилтад хүрсэн ч даруухан байхыг сурсан байх” гэж А.Бямбажаргал дурссан. Ийм сайхан сэтгэлт хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан тул тэр байгаадаа талархаж сурсан байна.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

Үүний дараа Испанид нэг жил амьдарч байгаад Германд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, 2013 онд эх орондоо иржээ. Монголд ажлын талбарт ороод сурч мэдсэнээ хэрэгжүүлж хариуцлагатай, цаг барьж, дэс дараа графиктай ажиллахыг хичээсэн ч монголчуудын арга барил үүнтэй харшилдах тохиолдол олон гарч байж. Мөн монгол мэргэжилтнүүдийн хэлний боловсрол харьцангуй дулимаг байдгаас гадаад болон англи хэлтэй ижил албан тушаалтнуудаас бага цалинтай байдгийг анзаарсан байна. Олон жил ажилласан туршлагатай инженер шинээр ажилд орсон гадаад хэлтэй ажилтнаас бага цалин авдаг байдлыг зогсоохын тулд нийтээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй гэдэг шийдэлд тэр хүрчээ.

Яг энэ үеэр гадаадад сурах хүсэлтэй найздаа амралтын өдрүүдээр кофе шопт англи хэлийг нь бэлдүүлдэг байж. Нэгэн удаа мөн л найздаа давтлага өгч байтал хажуугийн ширээнд сууж байсан нас тогтсон дөрвөн эмэгтэй А.Бямбажаргалыг дууджээ. Тэд олон жил нөхөрлөсөн найзууд бөгөөд уулзаж суухдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй байна гэж хэлээд амралтын өдрүүдээр англи хэл заалгах санал тавьсан байна. Учир нь Бямбажаргал найздаа чин сэтгэлээсээ хичээл зааж байгаа нь тэдэнд мэдрэгдсэн аж. “Ингээд л дөрвөн хүнээс тус бүрд нь 300 мянган төгрөг аваад амралтын өдрүүдээр хичээл заатал үндсэн цалингаасаа их орлого олдог болчихсон. Тэр үед л бизнес хийнэ гэж юу байдгийг ойлгож авсан”.

“Манай оффист ажилтнууд өглөө 07:30-09:30 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, найман цаг ажиллаад тарах сонголттой байдаг. Заавал ирэх шаардлагагүй 50 орчим ажилтан бүрэн гэрээсээ ажилладаг”

Эхэндээ танхим, сандал, ширээгүй, сургалтын бус орчин, хоосон зай талбай, хурлын өрөөнд хичээл заадаг байсан тул өрөө түрээслээд албан ёсоор сургалтаа явуулдаг болчихвол хүүхдүүдээ ч элсүүлье гэдэг санал үйлчлүүлэгчид нь тавьжээ. Ингээд зориг орсон А.Бямбажаргал 30 м.кв өрөө түрээслээд найздаа цалин тавьж чадахгүй ч шалгалтад нь дасгалжуулахаар тохиролцож ресейпшнээр ажиллуулж, өөрөө орой болон амралтын өдрөөр англи хэл заах болжээ. Сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг дүү нь хийжээ. Ийнхүү мэдлэгийн далайд чиглүүлэгч гэрэл болохыг бэлгэдээд сургалтын төвөө “Faro” буюу гэрэлт цамхаг хэмээн нэрлэсэн байна. Удалгүй үндсэн ажлаасаа гарч, өдөрт 10 хүртэлх цаг хичээл заах болсноор сургалтын төвийн бизнес цэцэглэж, олон танхим багш нартай ч болж, тусгай зөвшөөрөл авч, компаниа байгуулсан байна. Хэдийгээр гэр бүлийнхэн нь эхэн үед түүнийг үндсэн мэргэжлээрээ Монголд юм уу гадаадад ажиллах хэрэгтэй хэмээн ятгаж, англи хэлний багшийн ажил хийхийг дэмжээгүй ч А.Бямбажаргал зорилгодоо бат итгэлтэй байсан юм. Сурагчид нь гэр бүл, ойр дотнын хүмүүстээ дамжуулснаар, мөн нийгмийн сүлжээ идэвхтэй ашигласны хүчинд сургалтын төвийн бизнес хөл дээрээ тогтжээ.

Байгаа байдалдаа сэтгэл ханаад тогтмол орлоготой, ажил жигдрээд нэг ёсондоо амгалан байдалд орсон байсан түүнийг бизнесээ томруулъя, өргөжүүлье, хөрөнгө оруулалт татъя гэж ятгасан хүн бол бизнес сэтгэлгээ сайтай Б.Идэр-Од. 2017 онд багын найз Б.Идэр-Од “Call-Pro” үйлчилгээгээ санал болгохоор А.Бямбажаргалтай уулзсан байна. Энэ үеэр монгол хүмүүс гадаад хэлний мэдлэгийн дутуугаас карьер нь зогсонги байдалд ордог, хөгжиж чаддаггүй талаар ярилцахад Б.Идэр-Од санаа нийлж, удалгүй “Faro” төвийн үйл ажиллагаанд оролцох болжээ. Бизнесийн мэргэжил эзэмшээгүй, бизнес эрхэлж байгаагаа ч бүрэн ухаараагүй А.Бямбажаргал хөрөнгө оруулалт татах бэлтгэл ажлын үеэр л бизнесийн талаар бүрэн мэдлэг хуримтлуулж эхэлсэн байна. Тэр үеийг эргээд харахад өөрийгөө хангалттай сайн байж чадаагүй хэмээн чамладаг ч бас нууцхан талархдаг ажээ. “Залуу, туршлагагүй, мэдлэггүйн алдаа маш их гаргасан. Дээд тал нь 20 хүн удирдаж үзсэн хүн компани томорсны дараа 40, 50 хүнийг залж явахад бэрхшээлтэй нүүр тулж эхэлсэн. Залуу насандаа алдаж, ухаараад хүмүүстэй хамтран ажиллаж үзсэн нь олзуурхууштай санагддаг. Компаниа томруулаад өчнөөн олон хүний амьдралыг авч явж байж тэр үеийнх шиг алдаа гаргасан бол их өндрөөс унах байсан байх” гэж А.Бямбажаргал хэлсэн юм.

А.Бямбажаргал ул суурьтай, мэргэжлийн байдлаар бизнесээ эрхлэхээр шийдсэн учир 2018 онд Бээжингийн Цинхуа их сургуульд бизнесийн удирдлагаар суралцахаар элсэн оржээ. Их сургуулиа төгсөөд шууд магистрын зэрэг хамгаалах, ажил хийж байгаад сурах эрс тэс ялгаатай бөгөөд ажлын туршлага хуримтлуулсны дараа сурахад юу хийж байгаагаа илүү ойлгодог гэж тэр өгүүлсэн.

Б.Идэр-Од брэндээ олон нийтэд таниулах, маркетингийн ажилд түлхүү анхаардаг байсан бол А.Бямбажаргал ажилтнуудаа удирдаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцдаг байв. Тиймдээ ч тэдний гар тун сайн нийлдэг, алтан хамтрагчид байж чаддаг байна. Удалгүй олон хүнд англи хэл хүргэхийн тулд технологи ашиглах хэрэгтэйг анзаарч, утсан дээр үг цээжлүүлдэг аппликэйшн бүтээсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Тэд бууж өгөлгүйгээр 2018 онд хүний тархины мэдээлэл хадгалдаг hippocampus хэсгээс санаа аван нэрлэсэн “Hippocards” аппликэйшнийг гаргасан нь амжилт олж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 1.2 сая хэрэглэгчтэй, өдөрт дунджаар 20 мянга, ачаалалтай үедээ 40-60 мянган хандалт авдаг болжээ. Гэсэн ч хүмүүсийн технологийн мэдлэг, цахим боловсрол мөн л тааруу байгаа нь илт анзаарагдаж эхлэв. Аппликэйшн хэрэглэхийн тулд цахим шуудангаар бүртгүүлэх, аюулгүй байдлаа хамгаалах, банкны бүртгэлээ холбох, нэвтрэх гээд маш олон бэрхшээлийн талаар гомдол үргэлж хүлээж авна. А.Бямбажаргал дижитал хэрэглээ өндөр хөгжсөн Хятад оронд суралцаж байхдаа дижитал боловсролын талаар чамгүй мэдлэг хуримтлуулсан тул монголчуудад технологийн хэрэглээний талаар зааж сургах ёстой юм байна гэж шийдээд “Faro Foundation Mongolia” ТББ байгуулсан байна. Уг сан олон нийтийн цахим бичиг үсгийн боловсрол, хэрэглээ, аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчинд биеэ зохистой авч явах чадварыг сайжруулах зорилготой юм. Цахим бичиг, үсгийн хэрэглээг эх орондоо нэвтрүүлэн, түүчээлж буй түүний зүтгэлийг “Forbes Asia” сэтгүүл анзаарч “30 хүртэлх 30 залуу”-ын нэгээр шалгаруулан, онцолж байсан билээ.

Цахим хэрэглээ, дижитал бичиг, үсгийн хэрэглээг олонд таниулах ажлаа хэрэгжүүлж яваад “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллага “Facebook” компанийн Азийн бүсийг хариуцсан захирлын нүдэнд өртөж Монголыг төлөөлсөн аюулгүй байдлын хамтрагч нь болжээ. Өнөөдрийн байдлаар цахим орчны аюулгүй, зохистой хэрэглээний боловсролын номыг 40 мянга гаруй хүүхдэд тараасан байна. Мөн энэ асуудлаар төрийн, боловсролын, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, цахим бичиг үсгийн боловсролыг нэвтрүүлэхэд тусалж, харилцааг зохицуулж өгдөг байна. Үүнээс гадна “Meta” группийн “Facebook”, “Instagram”, “WhatsApp” зэрэг брэндийн Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн удирдан авч явдаг. Дэлхийн томоохон нийгмийн сүлжээний компаниудтай харьцуулахад худал мэдээ, мэдээлэлтэй тэмцэхэд хамгийн их хөрөнгө мөнгө, эрч хүч зарцуулж буй компани бол “Facebook” гэж тэр хэлэв. Олон нийтийн дижитал боловсролыг дээшлүүлэх сайн хөтөлбөрүүд боловсруулдаг ч таниулах ажил хангалтгүй байдаг учир “Faro” удалгүй нийгмийн сүлжээний кампанит ажлуудыг хийх болжээ.

2020 онд COVID-19 цар тахал дэгдсэнээр бусад бизнесээ санхүүжүүлдэг боловсролын төвийн үйл ажиллагаа бүрэн зогссон ч “Hippocards”-ийн хэрэглээ нэмэгдэж, олон нийтийн технологийн хэрэглээ сайжирсан аж. Энэ хүнд үед ажилтнуудын цалин тавьж, түрээс төлөх орлогын нэгэн эх үүсвэр нь нийгмийн сүлжээний кампанит ажил болж хувирсан байна. Тэр үед цахим бичиг үсгийн хэрэглээг сурталчлах гэж байгаад санаандгүй байдлаар PR компани байгуулснаа А.Бямбажаргал гэнэт ухаарчээ. Сургалтын төвийн ажилтнууд нийгмийн сүлжээний маркетинг рүү чиглэсэн ажилд идэвхтэй оролцож байв.

Тиймээс 2021 онд монгол компаниудыг гадаад зах зээл дээр таниулах зорилготой “iOTA PR” компанийг үүсгэн байгуулжээ. Уг компани бүтээгдэхүүн боловсруулах, борлуулалтын сувгийг нэмэх гэхээс илүү хэрхэн гадаад зах зээлд нэвтрэх, PR хийх, хүмүүст хүргэх, хэнтэй хамтрах, брэндээ нийгэмд эергээр таниулах зэрэгт зөвлөгөө өгдөг олон улсын зөвлөхүүдийг нэгтгэсэн компани юм. Олон оронд зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг учир цагийн зөрүүнээс болоод өдөр, шөнөгүй ажиллах шаардлага гарна. А.Бямбажаргалын ажил, амьдралд огцом эхэлсэн бизнес санаа огт байдаггүй, үргэлж нэг нэгээсээ хэрэгцээ, шаардлагаар урган гарч байдаг. Түүний бизнес англи хэлээр эхлээд технологийн, дижитал бичиг, үсэг, олон нийтийн боловсрол, тэгээд PR, маркетинг гээд уялдаа холбоотойгоор хөгжсөн ажээ. Түүнчлэн аль нэг бизнес нь өргөжсөн ч өмнөх салбараа хаялгүйгээр, тэгш хөгжүүлэх замыг эрэлхийлж явдаг. Өнгөрсөн онд дөрвөн охин компаниа нэгтгэн “Faro” группээ үүсгэсэн бөгөөд “IFD school of Ulaanbaatar” сургуулийг байгуулж Английн боловсролын үнэлгээний газрын суурь боловсролын дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрх авсан. Уг хөтөлбөрт хамрагдсаны дараа Англид гурван жил суралцан бакалаврын диплом авах боломжтой болох юм.

“Над шиг санаа амар ажилдаа бүх цагаа зарцуулдаг хүний хувьд олон хүний дэмжлэггүйгээр хүүхдээ өөрөө өсгөөд, ажил хийдэг эмэгтэйчүүдийг аугаа гэж боддог”

2019 онд анхны хүүхдээ төрүүлэхийн өмнө бизнесүүдээ хямрахаас сэргийлж А.Бямбажаргал “Faro” компанидаа Хонконгоос, “Hippocards” аппликэйшндээ Японоос хөрөнгө оруулалт татаж байжээ. Дөнгөж хүүхдээ төрүүлчхээд төрөх орноосоо буугаагүй байхдаа хөрөнгө оруулалтын бичиг баримтад гарын үсэг зурж байсан, дэндүү ажлын хэнээтэй байснаа дурсаад инээж байв. Харин одоо бага насны хүүхэдтэй, бие давхар болохоор ажлын ачааллаа тааруулахыг хичээдэг болсон аж. “Хүүхэд байхад гэр бүлийнхэн маань надад их цаг зав зарцуулж, сайн хүмүүжил төлөвшил олгосон гэж боддог. Тиймдээ ч үргэлж зөв шийдвэр гаргаж амьдрахыг хичээж, үүнээсээ төвөгшөөдөггүй болж өссөн байх. Одоо хүүхдүүдэдээ цаг их зарцуулж, сайн ээж байхыг хичээдэг” гэв. “Олон ажил зэрэг амжуулахад ар гэр маань дарамт бус дэм болдогт талархаж явдаг юм. Санаа амар ажилдаа бүх цагаа зарцуулдаг хүний хувьд олон хүний дэмжлэггүйгээр хүүхдээ өсгөөд, ажил хийдэг эмэгтэйчүүдийг аугаа гэж боддог. Хүн бүрийн нөхцөл байдал өөр. Надтай адил хүүхэд өсгөлцөх эцэг, эх, ажлаа хийхийг дэмждэг либерал үзэлтэй нөхөртэй хүн тийм ч олон биш шүү дээ”. Залуу компани боловч харьцангуй сайн систем тогтоож, баг хамт олноо маш зөв бүрдүүлж чадсан учир ажил урсгалаараа явдаг, мөн компани бүрийг чадварлаг гүйцэтгэх захиралд хариуцуулсан учир санаа амар байдаг А.Бямбажаргал хэлсэн. “Амжилттай явж байгаа минь зөвхөн өөрийн сайндаа биш юм. Ганцаараа бүгдийг манлайлаад л ажиллаад байгаа гэж ойлгож болохгүй. Найз нөхөд, гэр бүл, түнш, хамт олон, бүр надад анх санал тавьж англи хэл заалгасан дөрвөн “эгч” гээд сайн хүмүүсийн дэмжлэг туслалцаа, хүрээлэл миний амжилтын хэмжүүр” гэж тэр өгүүлсэн юм.

О.АГИЙМАА

Bat-Ochir

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”
Лидерүүд

Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

11/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist