Япон улс гадаадын иргэдэд үүд хаалгаа бүрэн нээхийн өмнөх туршилт болгож тавдугаар сард жуулчдын тооны хязгаар бүхий аяллын багц хөтөлбөрийг зохион байгуулах болсноо өнөөдөр мэдэгджээ.
Аялал жуулчлал нь Японы эдийн засгийн гол тулгууруудын нэг боловч 2020 онд цар тахал эхэлснээс хойш хил гаалийн чанга хатуу бодлого үргэлжилж, жуулчид тус улс руу зорчих боломжгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Гэхдээ оюутнууд болон зарим бизнес аялагчдад зориулан тус хязгаарлалтыг бага зэрэг сулруулсан ч хувийн зорилгоор аялагчдыг хүлээж авахгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь багагүй шүүмжлэлд өртжээ. Ялангуяа сүүлийн 20 жилд байгаагүй түвшинд ханш нь унаад буй иений зөрүүнээс ашиг олох хүсэлтэй бизнес эрхлэгчид аялал жуулчлалыг дахин сэргээхийг идэвхтэй уриалж байв.
Харин Японы аялал жуулчлалын агентлаг энэ сарын сүүлчээр цөөн тооны жуулчдаас бүрдсэн бүлгийг хүлээж авах шийдвэр гаргаснаа өнөөдөр зарлажээ. Халдварын шинэ тохиолдлын тоог бүртгэж, мэдээлэл цуглуулах зорилготой энэ туршилтын үр дүнд улсын хилээ бүрэн нээх огноог тодорхойлох аж.
Энэ шийдвэрийн дагуу АНУ, Австрали, Тайланд, Сингапураас ирсэн, гурван удаагийн вакцинд хамрагдсан жуулчдын бүлгийг хүлээн авах бөгөөд аяллыг зөвхөн сонгогдсон агентлаг зохион байгуулж, төлөвлөсөн маршрутын дагуу хөтчийн байнгын хараа хяналтын доор аялуулахыг мөн дурдсан байна.