NASA-ийн 2012 онд Ангараг дээр буулгасан “Curiosity”, 2021 онд буулгасан “Perseverance” станцууд өдөр бүр улаан нүдэн гарагаар аялж, гадаргын бүтцийг судлах, хөрсний дээж авах гэх мэт судалгааны ажил явуулахын зэрэгцээ өөрийн камер, дроны тусламжтай авсан гайхалтай зургуудыг бидэнд илгээсээр байгаа билээ.
Хамгийн сүүлд “Curiosity” тус гараг дээрх Шарп уулын ойролцоо судалгаа хийх явцдаа нууцлаг хаалга гэмээр чулуулгийн тогтцын зургийг буулгасан нь цахим орчинд хэлэлцүүлгийн сэдэв болсон юм. 2022 оны тавдугаар сарын 7-нд авсан уг зураг дээрх объект нь цахим хэрэглэгчдийн таамагласнаар харь гаригийнхны бүтээсэн хаалга бус, зүгээр л хадны ан цав болохыг мэргэжилтнүүд тайлбарлажээ.
“Энэ бол байгалийн элэгдлийн үр дүнд үүссэн жижиг ан цав. Хэмжээ нь өргөнөөрөө 30 см, уртаараа 45 см орчим гэж тооцсон” хэмээн NASA-ийн лабораторийн төлөөлөгч өгүүлсэн байна.
Энэ мэтээр дээрх станцуудын авсан олон мянган зураг дунд таамаглал дэвшүүлэхүйц сонирхолтой дүр төрх бүхий зургууд цөөнгүй тааралддаг аж.