Олон улсын тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлд хүчээ сорьж, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Итали, Америк, Солонгос зэрэг 10 орчим улсад бүтээгдэхүүнээ экспортолж буй “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал ирэх жилүүдэд брэндээ 100 хувь дижитал бизнес болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд ноолууран бүтээгдэхүүн экспортолж, олон улсын зах зээлд монгол ноолуурын үнэ цэнэ, чанарыг таниулж буй “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргалыг зөвхөн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч гэж харах аргагүй. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт дижитал технологийн шинэчлэлүүдийг нэвтрүүлж, дэлхийд тэргүүлэх брэндүүдтэй өрсөлдөнө гэж зорьсноос нь харвал тэрбээр чадварлаг стратегич аж. Бага байхаасаа аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Үлэмж кашимер” компанийн үйл ажиллагаанд оролцдог байсны хувьд тэрбээр хийж буй бизнесээ сайн мэднэ. Ноолуурын анхан шатны боловсруулалтыг хийж дотоод болоод гаднын компаниудад нийлүүлдэг тус компанийн үйл ажиллагаанд оролцож байх үеэсээ л Г.Ариунжаргал нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах зорилгыг тээн, төлөвлөж байв. “Миний бодлоор ноолуурын салбарт манайх яг зөв цагтаа эхэлсэн шиг санагддаг. “Anna Cashmere” брэнд 2018 онд албан ёсоор нээлтээ хийгээд, олон нийтэд танигдаж эхэлсэн ч бид 10 жилийн турш нарийн судалж төлөвлөсөн учраас шууд олон улсын зах зээлд гарахдаа итгэлтэй байсан” хэмээн тэрбээр өгүүлж байна.
Хамгийн сайн түүхий эдээр, чанартай, загварлаг бүтээгдэхүүн гаргах нь “Anna Cashmere” брэндийн үйлдвэрлэлийн гол зарчим. Тэрбээр “Чанартай бүтээгдэхүүн гаргахад чанартай түүхий эд хэрэгтэй. Ямаанаас гарч байгаа ноолуур бүхэн шууд бүтээгдэхүүн болох боломжтой гэж ихэнх хүмүүс ойлгодог. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн болоод брэндийн чанарт нөлөөлөх хамгийн буруу ойлголт. Тиймээс бид аль аймгийн, аль сумаас, тэр байтугай аль малчин айлаас авахаа хүртэл нарийн шалгаж, сонголт хийж авах шаардлагатай байдаг” гэлээ. Мөн чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суурь түүхий эд сайн байхаас гадна, их орцтой, орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн өнгө, загвараар үйлдвэрлэсэн эсэх нь чухал байдаг гэлээ. Олон улсын загварын чиг хандлагаас хоцрохгүй загвараа үргэлж шинэчилдэг нь тус брэндийг богино хугацаанд танигдаж, амжилт олоход нөлөөлсөн хэмээн салбарынхан хэлдэг. “Дизайны хувьд бид аль болох нэг хэв маягт баригдалгүй, шинэлэг, загварлаг шийдлийг эрэлхийлдэг учраас дизайнерын багаа сонгохдоо чөлөөтэй бодлого баримталдаг” хэмээн Г.Ариунжаргал тодруулав. Орон орны цаг уурын байдал, хэрэглээний зан төлөв өөр учраас үүнд зохицуулан шилдэг загвар гаргахын тулд америк, европ, орос, солонгос зэрэг орны иргэдийн загварын чиг хандлагад нийцүүлэн гадаад, дотоодын дизайнеруудтай хамтран ажиллаж байгаа тухайгаа тэрбээр мөн өгүүлэв.
Үйлдвэрлэлийн уламжлалт процесст инноваци хийснээр монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болж чадна.
“Ноолуурын өртөг өндөр, үүнийгээ дагаад эрсдэл их байдаг учраас хэрэглээнд шууд нэвтрүүлэхэд олон асуудал тулгардаг. Тиймээс бидний хувьд зах зээлээ зөв сонгох нь маш чухал байсан. Тухайлбал, Marks & Spencer, Uniqlo зэрэг брэндийн бүтээгдэхүүн 100 ам.доллараар худалдаалагдаж байхад нөгөө талд энэ зах зээлд тэргүүлэгч “Loro Piana” брэнд бүтээгдэхүүнээ 3,000 еврогоор үнэлж байна. Эндээс бүтээгдэхүүнээ байршуулах зах зээлийн байрлал үнэхээр чухал гэдэг нь харагдаж байгаа юм”. Иймээс л тэр дотоодын бус шууд олон улсын тансаг зэрэглэлийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаар шийдсэн аж. “Anna Cashmere” брэндийн бүтээгдэхүүний загвар, түүхий эдийн чанар дэлхийн шилдгүүдээс дутахгүй хэмээн тэрбээр итгэлтэйгээр хэлж байна. Тиймээс өдгөө дэлхийн ноолуурын зах зээлийн оргил болсон брэндүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний хэрэглэгчийн зах зээлийг өөртөө татах хэтийн зорилттой ажиллаж буйгаа онцлов. Харин үүний тулд өмнө дурдсанчлан ноолууран бүтээгдэхүүнийхээ чанарыг дэлхий нийтэд таниулах, өөрсдийн брэндийг тренд болгохуйц маркетингийг хийхэд технологийн дэвшлийг ашиглахаар ажиллаж буй аж.
“Anna Cashmere” үйлдвэрлэлийнхээ процессын 50 орчим хувийг өөр компаниудаар хийлгэдэг. “Үйлдвэрлэлийн анхан болон эцсийн шатны хяналт, шалгалтын процессыг манай ‘Үлэмж кашимер’ хийж гүйцэтгэдэг. Энэ нь манай брэндийн баримталдаг гол зарчимтай нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниудын үйлдвэрлэлийн шат дамжлага, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжүүд бүгд адилхан. “Үлэмж кашимер” эдгээр компанийн түүхий эдийн нийлүүлэгчээр 10 гаруй жилийн турш хамтран ажиллаж буй. Тиймээс бид удаан хугацаанд ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлж буй туршлагатай, чадвартай хүмүүс, газраар нь хийлгэхийг илүүд үзсэн. Бид заавал тэдэнтэй ижил үйлдвэр байгуулах хэрэггүй шүү дээ” хэмээн тэрбээр өгүүлж байна.
Харин “Манай залуус ур чадварын хувьд хаана ч үнэлэгдэн, амжилттай ажиллах чадвартай болсон. Тэгэхээр тийм залуусыг манлайлна гэдэг нь удирдагчаас мөн төдий хэмжээний ур чадвар, боловсролыг шаардаж байна” хэмээн өгүүлэх түүний хувьд хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд хөрвөх чадвартай байх нь бизнес удирдаж буй хүний давуу тал болсныг онцоллоо. Ялангуяа дэлхийн бизнесийн зах зээлд оролцож үйл ажиллагаа явуулж буй хүмүүсээс суралцах, өөрийгөө тэдний дунд хаана нь явж байгааг мэдэх нь түүний хувьд өөрийгөө сорих, хөгжүүлэх арга нь аж.
2020 онд “Anna Cashmere” брэнд салбарынхаа 18 компанитай хамтран ажиллаж, олон улсын чанар, стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлсэн байна. Ингэж хамтран ажиллаж, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн уламжлалт процесст инноваци хийснээр монгол ноолуур дэлхийн зах зээлд гарч, Хятадтай өрсөлдөхүйц хэмжээний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж гарч ирнэ хэмээн тэрбээр итгэж буй. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд өрхийн жижиг бизнес эрхлэгчдийг тооцохгүйгээр 80 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудын үйлдвэрлэлийн процесс ижил бөгөөд түүхий эд бэлтгэх, загвар гаргахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүгд үйлдвэрлэлийн уламжлалт аргаар ажилладаг.
Харин “Anna Cashmere” брэнд нь өөрийн нэг ч үйлдвэргүй, салбарын компаниудад үйлдвэрлэлийн процессоо даатгаснаар салбартаа үйлдвэрлэлийн шинэ хэв маягийг шингээж байна. Г.Ариунжаргал “Их хэмжээний хөрөнгө зарцуулан 100 хувь дижитал систем рүү шилжсэн, зах зээлд тэргүүлэгч Япон, Хонконг, Солонгос зэрэг орны туршлагаас харахад хэдийгээр түүхий эдээс хараат ч гэлээ энэ нь зөв шийдэл, тохиромжтой алхам болсныг бид харж байна. Тиймээс бид ч бүрэн дижитал бизнесийн загвар руу шилжихээс өөр аргагүй. Тухайлбал, бид шинэ загвар гаргахдаа зургийг нь уншуулаад, хэмжээ, эсгүүрийн хувьд ямар нэг алдаа байгаа эсэхийг шууд мэдэх боломжтой. Энэ мэтчилэн үйлдвэрлэлийн процесст шаардлагатай технологийг нэвтрүүлэхэд чадварлаг инженерүүдийг ажиллуулах хэрэгтэй болно. Google, Microsoft зэрэг томоохон компаниудын инженерүүдтэй дүйх цалин, урамшууллыг бид өгч байж тэдэнтэй ижил технологийн шинэчлэлийг хийнэ. Тиймээс дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, системийг бүрэн ажиллуулах боловсон хүчин, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шат дараалан шийдвэрлэн ажиллаж байна” хэмээн өгүүлээд бизнесийн салбар бүрт нөлөөлж буй технологийн хувьсгал хувцас загвар, үйлдвэрлэлийн салбарт ч багагүй нөлөө гүйцэтгэж байгаа тухай тодруулж байв.
А.ПҮРЭВЖАРГАЛ