Цэвэр эрчим хүчний эрэлт дэлхий даяар өсөж буй өнөө үед “Samsung” тэргүүтэй Өмнөд Солонгосын гурван том групп АНУ-д төвтэй “NuScale” компанитай хамтран Азийн орнуудад SMR буюу бага оврын, угсардаг цөмийн реакторууд барих гэрээнд гарын үсэг зуржээ.
Эхний ээлжид “Samsung” группийн бүтээн байгуулалт, худалдааны компани болох “Samsung C&T”, түүнчлэн “Doosan”, “GS” группийн салбар компаниуд “NuScale”-ийн реакторын ашиглалтыг судлах аж. “Энэхүү санамж бичгийн хүрээнд NuScale болон БНСУ-ын стратегийн хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр цөмийн цахилгаан станцын бизнесийг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарна гэж найдаж байна” гэж “Samsung C&T” компанийн дэд ерөнхийлөгч И Бён Сү өгүүлжээ.
Мэдэгдэлд дурдсанаар дээрх гурван групп эд ангийн үйлдвэрлэл, барилгын ажил, станцын ашиглалтын хүрээнд “NuScale”-д зааварлан ажиллах юм байна. Угсардаг реактор нь уламжлалт реактортай харьцуулбал жил хүрэхгүй хугацаанд босгох боломжтойгоос гадна зардал нь тэрбумаар бус саяар тоологддог давуу талтай аж
Цөмийн цахилгаан станц, түүнд шаардагдах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дэлхий даяар 2020 онд 41 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 58 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг “Allied Market Research” компани энэ жилийн тайландаа дурджээ.