Энэтхэгт “Nike”, “Adidas”-аас ч илүү тооны пүүз борлуулдаг “Campus Activewear” компани IPO хийснээр үүсгэн байгуулагч нь тэрбумтнуудын эгнээнд нэгдэв.
Хөрөнгийн зах зээлийн хүндхэн мөчлөг үргэлжилж буй энэ өдрүүдэд Энэтхэг улсад шинэ тэрбумтан мэндэлсэн нь Дели хотноо төвтэй “Campus Activewear” компанийн үүсгэн байгуулагч, 66 настай Кришан Агравал юм. Спорт гутал үйлдвэрлэлийн тус компанийн хувьцааны үнэ IPO-ний нэрлэсэн үнээс 23 хувиар давсан тул Агарвалын эзэмшдэг 74 хувь нь 1 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж эхэлжээ.
Агарвал анх 1983 онд спорт гутлын “Action” брэндийг үүсгэн байгуулснаар энтрепренерийн замналаа эхлүүлжээ. Харин 2005 онд шинээр байгуулсан “Campus” брэндийнхээ бүтээгдэхүүний үнийг 10 ам.доллараас хэтрүүлэхгүй бодлого барьсан нь дотоодын зах зээлд “Nike”, “Adidas”, “Puma” зэрэг аваргуудын хүчтэй өрсөлдөгч болоход нөлөөлжээ.
“Энэтхэгийн спорт гутлын зах зээлд 10 доллараас 40 долларын үнэ хооронд томоохон хоосон зай байгааг Агарвал анзаарч, түүн дээр тоглолт хийж чадсан” хэмээн тус компанийн санхүү хариуцсан дэд захирал Раман Чавла өгүүлж байна.
2021 оны санхүүгийн жилд “Campus” үнэ цэнээрээ ч, үйлдвэрлэлийн хэмжээгээр ч Энэтхэгийн спорт хувцасны брэндүүд болон “athleisure” (биеийн тамир, чөлөөт цагийн холимог хувцаслалт) төрлийн үйлдвэрлэгчдийн дунд хамгийн том тоглогч нь байсныг “Technopak” зөвлөх үйлчилгээний фирмийн 2022 оны дөрөвдүгээр сард гаргасан тайлангаас харж болно.
“Campus” компани өнгөрсөн жил 13 сая хос гутал борлуулж, 94 сая ам.долларын ашиг олжээ. Цар тахлаас болж энэ үзүүлэлт нь 2020 онд олсон 95 сая ам.долларын ашгаас яльгүй буурсан байгаа ч борлуулалт нь буцаад хурдацтай өсөн нэмэгдэж байна.
Гутал үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр өсөлттэй сегмент нь пүүзний үйлдвэрлэл байгаа тул “Campus” брэндийн амжилт саарахгүй гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн нэг хүний спорт, чөлөөт цагт зориулсан бүтээгдэхүүнд гаргадаг дундаж зардал АНУ-д 227.3 ам.доллар, Хятадад 33.8 ам.доллар байхад Энэтхэгт энэ тоо ердөө 1.9 ам.доллар байгаа нь “Campus”-тай адил дотоодын брэндийн эрэлт цаашид улам нэмэгдсээр байхыг илэрхийлжээ.