Монголын хөрөнгийн бирж нэлээд хөдөлгөөнд орж, хувийн хэвшлийн компаниуд IPO хийх үйл явц эрчимтэй өрнөж буй энэ цагт тус зах зээлд анхлан хөл тавихаас эхлээд хэрхэн зорилгодоо хүрч хөрөнгө орлогоо нэмэгдүүлэхийг танд зөвлөх “Intelligent Investor” номтой танилцана уу.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч хийгээд хөрөнгө оруулалтын бодит бодлогыг боловсруулагч Бенжамин Граэм Флорида мужийн Бока-Ратон хотод очин тэтгэвэртээ гарсан баячуудаас “Та нар хувьцааны захаас дандаа илүү ашиг хийж байсан уу” хэмээн асуув. Тэдний зарим нь ”Тийм, хийж байсан”, нэг хэсэг нь “Үгүй” гэж хариулсан бол нэг л хүн “Тэр ямар хамаатай юм бэ, би энд тэтгэвэрт гарчихсан байгаа биз дээ” хэмээн хариулжээ. Зохиолч үүнийг хамгийн зөв хариулт хэмээн дүгнэсэн. Учир нь тэр хүн өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй, өөр хүнээс илүү ашиг олох хэрэггүй, хамгийн гол нь зорилгодоо хүрээд насныхаа эцэст өөрийн хүссэнээр тэтгэвэртээ гарсан байна. Энд л “Intelligent Investor” буюу “Ухаалаг хөрөнгө оруулагч” номын гол зорилго оршиж байгаа тухай тус номыг монгол хэлнээ орчуулсан Э.Амарбаясгалан дурдав.
Өөрөөр хэлбэл, “Ухаалаг хөрөнгө оруулагч танд зарим номын адил найдвартай хурдан баяжих аргыг заахгүй. Харин түүний оронд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай түүхэн мэдээлэл, ашиглаж болох арга барилуудад сургана” хэмээн тэрбээр нэмж өгүүлэв. Тус бүтээлийн бүх дүгнэлтүүд нь хөрөнгийн зах зээлийн 200 жил, бүр түүнээс ч урт түүхэн цаг үеийн бодит үзүүлэлтэд үндэслэсэн учраас түүхийн ном гэж үзэх хүмүүс ч бий. Ямартай ч энэхүү ном хувиараа хөрөнгө оруулагчдад санхүүгийн амжилт гаргахад шаардлагатай сэтгэл зүй, аналитик ур чадварыг заасан. Мөн замбараагүй, ойлгомжгүй хэмээн дүгнэгдэж байсан дэлхийн үнэт цаасны зах зээлийн шинжилгээнд бүтэц, логикийн шинэчлэл хийсэн анхны бүтээлд тооцогддог учраас өнөөг хүртэлх бүхий л цаг үеийн хөрөнгө оруулагчдын хүлээн зөвшөөрсөн ширээний ном хэвээр байна.
Хувьцаанд хөрөнгө оруулахыг бизнес гэж харах нь зөв бөгөөд үндсэн хөрөнгөө хамгаалаад түүнээсээ зохистой хэмжээгээр багахан ашиг олох нь ухаалаг хөрөнгө оруулалт юм хэмээн тус номын зохиолч Бенжамин Граэм томьёолжээ. Түүнчлэн зөвхөн хөрөнгө оруулалтын зарчмаа баримталж, сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, сахилга баттай байх хэрэгтэйг ч тэрээр сануулсан байна. Анх хэвлэгдсэнээсээ хойш хэд хэдэн удаа шинэчлэгдсэн тус бүтээлийн хамгийн сүүлийн буюу дөрөв дэх удаагийн (1973 он) хэвлэлийг нь “Wall Street Journal” сонины нийтлэлч Жейсон Цвейг орчин үеийн хөрөнгийн захын чиг хандлагатай уялдуулан өөрийн нэмэлт тайлбартайгаар 2003 онд шинэчлэн хэвлүүлжээ. Энэхүү хувилбарыг нь хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Амарбаясгалан монгол хэлнээ орчуулсан юм. Тэрбээр 2005 онд АНУ-ын Индианагийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байх үедээ дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч гэгдэх Уоррен Баффеттай уулзаж, хөрөнгө оруулсан компаниудтай нь танилцаж байсан тухайгаа өгүүлж байна. “Тэр зөвхөн өөрийн ойлгосон бизнест хөрөнгө оруулдаг. Хэзээ ч Facebook эсвэл Bitcoin-д мөнгө хийх хүн биш. Түүнийг баян болгосон компани бол хэн ч, хэзээч тоохоо больсон уйтгартай, сонирхолгүй гэж хэлж болохоор даатгалын компани байсан. Суурь шинжилгээнд үндэслэн хийсэн энэхүү хэлцэл нь түүнд асар их ашиг, алдар нэрийг авч ирсэн” хэмээлээ. Хөрөнгө оруулалтын энэхүү арга барилыг “Үнэ цэнийн арга” (value investing) хэмээн нэрлэдэг бөгөөд Уоррен Баффетт өөрийн багш, “Ухаалаг хөрөнгө оруулагч” номын зохиолч, Колумбын Их сургуулийн профессор асан Бенжамин Граэмаас сурсан тухайгаа өгүүлсэн байдаг.
Түүнчлэн “Граэмаас өмнөх үеийн хөрөнгө удирдагчид дундад зууны хүмүүс шиг мухар сүсэг, сохор таамаг, ид шидэд итгэж шийдвэр гаргадаг байв. Энэ ном эдгээр бүдүүлэг хүмүүсийг орчин үеийн мэргэжилтнүүд болгосон” хэмээн Уоррен Баффетт хэлжээ. Дан ганц Уоррен Баффетт ч гэлтгүй ертөнц даяараа тус бүтээлийг дэлхийн хөрөнгийн захын тухай суурь мэдлэгийг өгөх “цагаан толгой” хэмээн хүлээн зөвшөөрдөг нь учиртай. Аливаа шинжлэх ухаан, онол, арга барил шинэ судлаачдын дэвшүүлсэн саналд дарагдаж, цаг үеэ даган хувьсан өөрчлөгддөг бол энэ бүтээл эсрэгээрээ 1949 оноос өнөөг хүртэл унших тусам үндсэн зарчмууд нь батлагдаж, бизнес эрхлэгчдийн шинэ санаа хайхдаа байнга эргүүлдэг гол хэрэгсэл хэвээр байна.
“Мэдэхгүй зүйлдээ бүү хөрөнгө оруул, мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул гэдгийг ойлгуулахыг хичээсэн.
Нэг хэсэг нь аль нэг хувьцааны ханш өснө гэх сургаар түүн рүү хошуурах, эсвэл хэн нэгний явцгүй гэх дүгнэлтэд итгэн хувьцаагаа зарах зэрэг худал нөлөөлөлд автах үзэгдэл аль ч хөрөнгийн зах зээлд бий. Харин Бенжамин Граэм тус бүтээлдээ хөрөнгө оруулагчдад өөрийгөө хуурахгүй, мэдэх, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэгчдээс ангид байж үнэхээр сонирхож байвал өөрөө судалсан шиг судлан хөрөнгө оруулах, эсвэл мэргэшсэн хөрөнгө оруулагчдаар заалгах хэрэгтэйг дурджээ. Ихэнх хүн хөрөнгө оруулалтын чиглэлээр бичсэн номоос богино хугацаанд баяжих аргыг олж авна гэж эндүүрдэг. Харин “Ухаалаг хөрөнгө оруулагч” номын гол зарчим нь юу тухай “Мэдэхгүй зүйлдээ бүү хөрөнгө оруул, мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Мэдэх ёстой зүйл нь, аль нэг компанийн хувьцаанд бус компанид нь хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн ухагдахуун юм. Гэтэл өнөөгийн нөхцөлд манайхан хувьцаанд хөрөнгө оруулах нь элбэг байна. Тухайлбал, 100 сая төгрөгийн ашигтай компани хөрөнгийн зах зээлд гарахад түүнийг 30-40 тэрбум төгрөгөөр зардаг. Хэрвээ та бизнес худалдаж авах гэж байсан бол 100 сая төгрөгийн ашигтай компанийг 30 тэрбум төгрөгөөр худалдаж авах уу, гэвэл үгүй нь ойлгомжтой. 100 сая төгрөгийн ашигтай ажиллаж буй компанийг ихдээ л нэг тэрбум төгрөгөөр авна. Энэ мэтчилэн санхүүгийн судалгаагүй, зөвхөн өнгөц дүгнэлтээр хувьцаанд хөрөнгө оруулах тохиолдол элбэг байна” хэмээн Э.Амарбаясгалан хэллээ. Мөн хямдарч буй хувьцаа эрсдэл бага учир компанийн санхүү болоод ерөнхий үзүүлэлтүүдийг нь харгалзан үзсэний эцэст авах нь ханш нь өсөж буй хувьцаанаас илүү дээр хэмээн зохиолч зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, огцом амжилт гаргасан компаниас илүү урт хугацаанд тогтвортой өсөж буй компанийн хувьцааг сонгох хэрэгтэй аж. Нэгэнт та тухайн компанид ажилладаггүй л бол санхүүгийн тайлангаар нь үнэлэхээс өөр аргагүй. Харин компанийн санхүүгийн тайланг хэрхэн унших, санхүүгийн ихэнх тайлангийн эргэлзээтэй хэсэг нь хаана байдаг, хувьцааны үнэ, хөрөнгийг ашигтай нь харьцуулахад ямар харьцаа гарвал түүнийг сайн гэж дүгнэж болох тухай “Ухаалаг хөрөнгө оруулагч” танд хэлж өгөх болно. Ингэснээр тухайн тайлан үнэн зөв гарсан эсэх, менежментийн багийн ёс зүй, туршлагыг ч үнэлэх боломжтой аж.
Бенжамин Граэмын “Ухаалаг хөрөнгө оруулагч” номын нөлөөгөөр амжилттай хөрөнгө оруулсан туршлагууд дэлхий даяар бий. Эдгээрийн ихэнх нь түүний шавь нар байдаг аж. Бүх оюутнууд нь амжилттай, ашигтай ажиллаж чадаж буйгаас харахад энэ хүний хөрөнгө оруулалтын зарчим зөв гэх энгийн дүгнэлтийг гаргаж болохоор. Түүний шавь нараас хамгийн амжилттай яваа нь дэлхийн хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Berkshire Hathaway”-г удирддаг, домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт юм.Тэрбээр бизнесийн зарчмыг нь ойлгодог, яаж ашиг олдгийг нь мэддэг компанидаа хөрөнгө оруулахыг эрмэлздэг бөгөөд төмөр зам, сонин, даатгал, гоёл чимэглэл, мебелийн дэлгүүр зэрэг олонхын тэр бүр сонирхдоггүй салбарт хөрөнгө оруулсан байдаг. Үгээрээ Уоррен Баффетт ухаалаг хөрөнгө оруулагч болоход заавал суут хүн байх, бизнесийн өндөр мэдлэгтэй ч байх албагүй. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын зарчимдаа үнэнч байх хэрэгтэй гэх Бенжамин Граэмын зарчмыг баталсан хэрэг. “Ухаалаг хөрөнгө оруулагч” танд ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол эхлээд өөрийгөө таних, хянах хэрэгтэй бөгөөд үүний дараа өөрийн ойлгосон зүйлдээ л хөрөнгө оруулах хэрэгтэйг, энэ үед мэдээж инфляцийг мартаж болохгүйг, шинээр гаргаж буй хувьцаа хэт үнэтэй бөгөөд ихэвчлэн муу байдаг тухай, огцом өсөлт, уналтын дараа хувьцаа авах, зарах хэрэггүйг “заах” болно. Түүнчлэн муу, эсвэл сайн хувьцаа гэж байдаггүй бөгөөд үнэлэх үнэлэмж нь зөвхөн үнэтэй эсвэл хямд гэсэн ухагдахуунаар хэмжигдэх ёстойг ч Бенжамин Граэм сануулжээ.
А.ПҮРЭВЖАРГАЛ