Карьерын бүхий л шатанд явж буй энтрепренерүүд, манлайлагчдын заавал унших хэрэгтэй номуудаас цувралаар танилцуулж байна.
1. “Цахим засаг – Дижитал шилжилт хийх аргачлал”
Зохиолч: Жайдип Прабхуг
Өнөөдөр дэлхийн бүхий л улс орон уламжлалт тогтолцооноос асар эрчтэйгээр дижитал руу шилжиж буй. Монгол Улсын Засгийн газар ч үүнийг бодлогоор дэмжиж байгаа ч практикт шийдэл олоход төвөгтэй олон асуудалтай нүүр тулгарч байна. Тэгвэл уг номд цахим шилжилт, дижиталчлалын судалгаа, статистик тоо баримтуудыг багтаасан тул бидэнд тулгарч буй олон асуултад хариулт өгнө.
2. “10 дотоод ур чадвар”
Зохиолч: Н.Гансүх
Ажлын талбарт хүний мэргэжил, ажлын туршлага, мэргэшсэн байдлаас гадна дотоод ур чадварыг үнэлэх үнэлэмж нэмэгдэж буй. Тэгвэл тус номд дотоод ур чадвар гэж чухам юуг хэлж байгааг тун энгийнээр тайлбарлаж, олон жишээгээр баяжуулсан тул хувь хүний хөгжлийн зайлшгүй унших номын жагсаалтад орно.
3. “Өөрийгөө дэмжих зуршил”
Зохиолч: Роббинс Мел
Орчуулагч: Б.Туяацэцэг
Зохиолч Роббинс Мел энэхүү номоо амжилттай яваа ч алдаан дээрээ илүү төвлөрдөг, өөртөө үргэлж шүүмжлэлтэй ханддаг хүмүүст зориулжээ. Хүн бусдыг дэмждэг шигээ өөрийгөө дэмжиж түүнийгээ зуршил болгосноор өөртөө итгэх итгэл нэмэгдэж, мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд улам ойртдог тухай зохиолч Роббинс Мел энэхүү номдоо бичсэн аж.
4. “Майкл Делл – Зөв ажилла, зүтгээд хүр”
Зохиолч: Майкл Делл, Жеймс Каплан
Орчуулагч: Т.Ариунсанаа
Дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн компанид тооцогдох “Dell”-ийг үүсгэн байгуулж, гуч гаруй жил чадварлагаар удирдсан Майкл Деллийн намтарчилсан бүтээл. Уг номд технологийн ойлголт сайтай, энтрепренерийн шинж агуулсан хүн бүр өөрийн санаагаа гайхалтай бизнес болгож чадах ч урт хугацаанд оршин тогтнохуйц компани босгоход манлайлагчийн ур чадвар чухал нөлөөтэйг тус номд бичжээ.
5. “Итгүүлэх код”
Зохиолч: Кристоф Морин, Патрик Ренвуа
Орчуулагч: Ч.Даваадалай
Компанийн удирдлага, манлайлагчид нейромаркетингийн тусламжтайгаар “итгүүлэх” шинжлэх ухааныг хэрхэн бизнестээ хэрэгжүүлдэг талаар та тус номоос мэдэх болно.