“ValuePenguin”-ий 2021 онд хийсэн судалгаагаар нийт Америкчуудын тэн хагас хувь нь сансар руу аялахад үргэлж бэлэн болохоо илэрхийлсэн бол үлдсэн хагас нь дэндүү аюултай, эсвэл байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл их, өртөг өндөртэй гэсэн шалтгаанаар тус аяллаас татгалзана хэмээн хариулжээ.
Тэгвэл ийм асуудалд санаа зовж буй хүмүүст өөр нэгэн сонголт байгаа нь хэт өндрийн агаарын бөмбөлгөөр зорчигчдыг “сансарт хөөргөх” боломжийг хөгжүүлж буй компаниуд юм.
Үнэн хэрэгтээ агаарын бөмбөлөг нь “задгай сансар” хэмээн албан ёсоор тодорхойлдог өндрийн хагаст л хүрэх боломжтой ч зорчигч тээврийн онгоцны нисдэг өндрөөс гурав дахин дээгүүр буюу дэлхийг бөмбөрцөг хэлбэрээр нь харах боломжтой өндөрт хөөрөх аж.
Тэдгээр компаниудын нэг болох “Space Perspective” 2024 он гэхэд агаар мандлын стратосферийн давхаргад зорчигчдыг хүргэхээр төлөвлөж байна. Пуужинтай харьцуулбал агаарын бөмбөлөг нь устөрөгчийг түлш болгон ашиглах учраас агаар мандалд нүүрстөрөгч ялгаруулахгүй. Түүнчлэн зургаан цагийн турш үргэлжлэх аялал нь маш тухтай байх учраас зорчигчид замдаа хоол идэж, биеийн чилээгээ гаргаж болохын зэрэгцээ аяллын өмнө аливаа бэлтгэлд хамрагдах шаардлагагүйг тус компанийн гүйцэтгэх захирал Жейн Пойнтер өгүүлжээ.
Стратосфер хүртэл хөөрдөг бөмбөлгийг хүмүүс цаг уурын хэмжилтийн зорилгоор ашиглаж ирсэн тул энэ нь шинэ зүйл биш юм. Гэхдээ аялал жуулчлалын зорилгоор зорчигчдыг суулган хөөргөж байсан тохиолдол өмнө нь үгүй аж.