Одоогоос долоон жилийн өмнө “Katya Zol” брэндийг Нью-Йорк хотын загварын тайзнаа толилуулж байсан дизайнер Г.Золцэцэг монгол ёс заншил, уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж байна.
Нэгэн цагт үеэ өнгөрөөсөн, хуучинсаг гэж тодорхойлогдож байсан дээл болон үндэсний хэв шинж агуулсан бусад хувцас өдгөө залуусын өдөр тутмын хэрэглээ болж тэдний хувцасны шүүгээнд чухал байр эзлэх болов. Тэр бүү хэл зөвхөн импортын брэндийн хувцас л чанартай, хийц сайтай, загварлаг гэх ойлголт өдөр, өдрөөр хувьсан өөрчлөгдөж монгол дизайнеруудын урласан үндэсний хувцас, уламжлалт хээ угалз болон бусад элемент багтсан хувцсанд монголчууд түлхүү анхаарах болжээ. Энэхүү хандлагыг дотооддоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ монгол өв уламжлал, үндэсний хувцас урлахуйн гайхамшгийг дэлхийн бусад оронд таниулах үйлд CPL компани онцгойлон анхаарч “BABA”, “The Deel” брэндийг дэлхийн зах зээлд гаргахаар зорьж буй.
Дэлхийн хувцас загварын салбарт Милан, Нью-Йорк, Парисийн загварын долоо хоног хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд энэ л тайз олон брэнд, дизайнерын холын мөрөөдөл байдаг. Тэгвэл нэгэн цагт Г.Золцэцэгийн “Katya Zol” брэнд дор зангидагдсан дотоодын 14 үйлдвэрлэгч зохион байгуулагч IMG компанийн хэд хэдэн шалгуурыг амжилттай давснаар монгол брэндийг анх удаа дэлхийн загварын тайзнаа танилцуулж байсан. Энэ үйл явдал монгол брэнд дэлхийд гарах боломж бий гэдгийг олон хүнд ойлгуулсан бөгөөд тэдний нэг нь CPL компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал Г.Эрдэнэсүрэн байсан тухай Г.Золцэцэг ярихдаа “CPL компани үүсгэн байгуулагдахад Г.Эрдэнэсүрэнгийн үүрэг, оролцоо асар их. Тэр л энэ бол Катя Зол биш, харин Монгол Улсыг урьж байгаа хэрэг. Монгол брэнд дэлхийд гарах үүд хаалга нээлттэй байна хэмээсэн. Тиймээс л бид компани байгуулж жинхэнэ хувцас загвар руу орохоор шийдсэн” хэмээв. Тэр цагаас төд удалгүй буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд CPL компанийг албан ёсоор үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө найм дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
CPL компанийн зах зээлд танилцуулсан анхны брэнд нь “BABA”. Тус брэндийн гутлууд анх 2018 оны тавдугаар сарын 13-ны өдөр поп-ап дэлгүүрээр худалдаалагдаж эхэлсэн ч судалгаа, туршилтууд бүр 2014 оноос эхэлсэн аж. Зарим хүн Г.Золцэцэгийг Нью-Йоркийн загварын тайзнаа нэрийн брэндээ танилцуулснаасаа хойш анир чимээгүй болсон гэдэг ч үнэндээ тэр хором ч хувцас загвараас хөндийрөөгүй бөгөөд монгол урлах ухаан, өв соёл, ёс заншлыг шингээсэн брэнд гаргахыг зорин асар их хугацааг судалгаа, шинжилгээнд зарцуулсан аж. Тодруулбал, тэрбээр түүхч, судлаачдын судалгааны материал, эрдэм шинжилгээний бүтээл, товхимол уншиж судлахын зэрэгцээ бусад орноор аялан сайн чанарын түүхий эд, технологийг эрэн хайдаг байж. Ярилцлагын үеэр Г.Золцэцэг аливаа брэндийн загвар, хийцээс гадна үүний цаана орших философи асар чухал гэдгийг онцолсон бөгөөд “Монгол өв соёл, уламжлал, бэлгэдэл зүйг түгээн дэлгэрүүлсэн, байгальд ээлтэй тийм л брэнд бий болгохоор зорьсны үндсэн дээр “BABA” брэнд мэндэлсэн” хэмээсэн юм. “BABA”-ийн гол түүхий эд нь хонины ноос. Монгол Улсын нийт малын тоо 70 орчим сая бөгөөд үүний 30 орчим сая нь хонь, 27 сая нь ямаа байдаг. Ноолуур бол үндэсний үйлдвэрлэгчдийн түгээмэл хэрэглэдэг түүхий эд бөгөөд гадны орнууд Монголыг үүгээр нь ч мэддэг болсон. Нөгөөтээгүүр ноосны нөөц харьцангуй их, үнийн хувьд ч ноолуураас хямд. Түүнчлэн монголчуудын эртнээс хэрэглэж заншсан түүхий эд төдийгүй хүний биеийн дулаанаас өөр зүйл нэвтрүүлдэггүй, дөрвөн улиралд өмсөх боломжтой гээд хэд, хэдэн давуу чанартай тул Г.Золцэцэг брэндийн гол түүхий эдээр сонгосон аж. Тэрбээр анхны эсгий гутлаа 2016 онд урласан бөгөөд гэрийн шаахай төдийхнөөр хязгаарлагдаж байсан энэ төрлийн бүтээгдэхүүнийг дундаас дээш буюу 200-300 мянган төгрөгөөр худалдана гэхэд итгэх хүн ховор байсан гэдэг. Г.Золцэцэг “BABA” брэнд хоёр жил бойжоод, хоёр жил поп-ап хэлбэрээр туршигдаад, үүнээс хоёр жилийн дараа нэрийн дэлгүүртэй болсон. Бид урьд өмнө туршигдаж байгаагүй, цоо шинэ зүйл хийж байгаа учир үүнийг зах зээл дээр нэвтрүүлж, зөв байршуулна гэдэг асар чухал. Ер нь аливаа зорилго руу хөдлөхдөө олон туршилт хийснээр илүү найдвартай, баталгаатай болдог” хэмээв.
Дотоодын хувцас загварын салбарт “BABA” өөрийн байр суурийг бататгасан гэж үзсэн CPL компани брэндээ дэлхийн зах зээлд гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, цар тахалтай хүнд үед буюу 2021 оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотод “ВАВА” брэндийн туршилтын борлуулалтыг хийж эхэлсэн. Үр дүнд нь ч сэтгэл хангалуун байгаа аж. Дээр дурдсанчлан туршилт, судалгаа, тандалтыг чухалчилдаг тэд загварын салбарын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар холын замыг дөтлөх боломжтой гэж үзэж байна. “Мэдээж мэргэжлийн байгууллагуудтай хамтрах нь ойлгомжтой. Гэхдээ өсөлт, тэлэлтээ органик байлгах, туршилтуудыг маш сайн хийхээр төлөвлөж байгаа. Том зах зээл дээр гарах гэж байгаа тул нэн түрүүнд маркетинг биш харин судалгаа хийх шаардлагатай. Тэр утгаараа маркетинг бараг хийгээгүй” хэмээн Г.Золцэцэг ярив.

Сонирхуулахад, дэлхийн кино ертөнцийг байлдан дагуулсан “Шанг-чи ба арван бөгжний домог” киноны найруулагч Дестин Даниель Креттон киноныхоо нээлтийн улаан хивсний ёслолд “BABA”- аар гоёсон бол алдарт зураач, “Happy Art” урлагийн төрлийг үндэслэгч Ромеро Бриттогийн шүүгээнд ч тус брэндийн гутал, хүрэм байх аж.
Г.Золцэцэг дэлхийн загварын салбарт бусад брэндтэй өрсөлдье гэвэл бид тэднийг даган дууриасан бус өөрсдийн ёс заншил, ондоошил, соёл уламжлалаа нэн тэргүүнд тавих нь зүйтэй хэмээн үздэг аж. Тэр ч утгаараа “BABA” брэндээс гадна “The Deel” гэх тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны брэндийг зах зээлд танилцуулжээ. “Дэлхий дахинаа дээлийн тухай маш олон эргэлзээ байдаг. Монгол үндэстнийх үү? эсвэл Хятадаас гаралтай юу? Эдгээрийн ялгаа нь юу вэ? Цаашлаад ханбуг, кимоно, хятад болон төвд дээл дээр ч монгол дээлийн элементүүд бий. Тиймээс монгол үндэсний дээлийн онцлогийг харуулсан, тодотгосон “The Deel” брэндийг гаргаж, өөрсдийн өв соёлоо бататгаж, хойч үедээ өвлүүлэх ёстой гэдэг үүднээс тус брэндийг үүсгэсэн” хэмээн Г.Золцэцэг ярив. Тэднийг дотоодын бусад үйлдвэрлэгчээс ялгах онцлог нь тансаг зэрэглэлийн импортын түүхий эд. Яг л “Chanel”, “Versace” гэх мэт тансаг зэрэглэлийн загварын ордонд ашигладаг материал, товч, шилбэ, цахилгаан зэргээр “The Deel” брэндийн дээлүүд баяжигдсан байх аж. Гэхдээ тус брэндийн амин сүнс нь монгол уламжлалт урлахуй мөн тул бүхий л загварынх нь мөр нь бүтэн, зах нь босоо, энгэр нь баруун руугаа давсан байх бөгөөд зээгт наамал, зүү ороох оёдол, хонин холбоо зэргээр амилуулсан харагдана.
Ярилцлагын үеэр цар тахлын үеийн борлуулалтын тухай тодруулахад хэдий цар тахалтай, хүнд хэцүү цагт “The Deel” брэндийн анхны коллекц худалдаанд гарсан ч зорилтот сегмэнтдээ хүрч чадсан төдийгүй борлуулалтын хэмжээ ч тогтвортойгоор өсөж байгаа тухай Г.Золцэцэг ярив. “Цар тахал над шиг үндэсний үйлдвэрлэгч нарт томоохон боломж олгосон. Гадагш явах нөхцөл хумигдсан энэ цагт үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага гарцаагүй нэмэгдсэн. Хэдий түүхий эдийн татан авалт тасалдах, материал хомсдох үе байсан ч хэрэглэгчдийн худалдан авалт бодитоор өссөн” гэж хэлсэн юм.
CPL компани ердөө гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 63 ажилтантай, 60 м.кв-аас эхэлж байсан студи нь дөрвөн давхар урлан болтлоо өргөжжээ. “Цөл хийтэл томорсон бүхэн эргээд хормын дотор үгүй болох аюултай байдаг. Бид 200, 300 жил оршин тогтнох брэнд гаргахын тулд маш няхуур ажиллаж байгаа. Бид өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд гишгэх алхам бүрдээ хянамгай ханддаг. Одоогоор үндэсний хэв маяг, ондоошил, уламжлалыг харуулсан зургаан брэндийг танилцуулахаар төлөвлөсний хоёр нь зах зээлд амжилттай байршсан. Цаашид эдгээр брэндийн хөгжүүлэлтүүдийг хийсээр байх болно” хэмээн Г.Золцэцэг хэлэв. Түүний үгний тод жишээ нь “BABA” брэнд бөгөөд зөвхөн эсгий гутал, хувцсаар хязгаарлагдалгүй пүүз, кет, өвлийн гутал, нэхий, савхи, арт тоглоом, үүнийг дагасан видео тоглоом, комик гээд олон шинэ бүтээгдэхүүнээр баяжигдах аж. Энэ мэт бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь дэлхийд хувьсан өөрчлөгдөж буй брэндийн талаарх ойлголт илүү өргөн хүрээтэй болж хүний амьдралын бүтэн хэрэгцээг хангахуйц болсонтой холбоотой гэнэ. CPL компанийн хамт олон бэлгэдэл зүй, ерөөлөөр амилж буй “BABA” брэндийг хэрэглэгчдэд хөнгөн хэлбэрээр ойлгуулах, өөрсдийнх нь дуртай зүйлээр дамжуулан брэндийн философийг таниулах алсын хараатай ажиллаж байна.
А.САНАА