“VSCO” бол цахим орчинд зураг засах боловсронгуй аппликейшн. Тэгвэл үүгээр өөр юу хийж болох бол?
Хоёр мянга арван гурван онд Жоэл Флори, Грег Лутце нар “Instagram”-ийн үүсгэн байгуулагч Кевин Систромтой Сан-Францискогийн тансаг зэрэглэлийн зоогийн газар “Park Tavern”-д уулзаж, оройн зоог барьжээ. Флори, Лутце хоёр гэрэл зураг засах “VSCO” аппликейшнээ бүтээгээд нэг жилийг үдэж байв.
Тухайн үед “Instagram” дахь #vscocam тодотголтой гэрэл зургийн тоо хоёр сая давсан байжээ. Тодруулбал, “Instagram” өөрийн гэсэн зураг засах цэстэй байсан ч хэрэглэгчид “VSCO”-оор зассан зургаа “Instagram”-д оруулж байв. Үүнийг анзаарсан Систромд “VSCO”-ийг худалдаж авах санаа төржээ. Гэхдээ тэд үнэ тохирох хүртлээ баттай шийдэлд хүрээгүй байв. Тухайн үед “VSCO”-ийн үнэлгээ найман оронтой тооноос хэтрээгүй байв. Систром “VSCO”-ийг бие даасан нэгж байдлаар биш, технологийг нь “Instagram”-д нэвтрүүлэх сонирхолтой байгааг Флори, Лутце нар ойлгожээ. “Бид ‘VSCO’ дээр хавьгүй том зорилго, алсын хараатай байсан” гэж 41 настай Флори хэлэв.
Үүнээс зургаан жилийн дараа “Instagram”-ийн #vscocam тодотголтой зураг 200 саяд хүрэв. Окленд хотод төвтэй “VSCO”-ийн орлого 2018 онд хоёр дахин өсөж, 50 сая ам.доллар болсон бол 2020 онд 80 саяд хүрэв. Тэрчлэн “Accel Partners”, “Glynn Capital” тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, улмаар үнэлгээгээ 550 сая ам.долларт хүргэв. Гүйцэтгэх захирал Флори, “туршлага хариуцсан захирал” Лутце нар стартапдаа тус бүр 21 хувь эзэмшдэг.
“VSCO” бусдаас онцгой технологиор зураг засварладаг учир өнөөгийн амжилтад хүрчээ. Тодруулбал, энгийн нэг, хоёр фильтрээр хязгаарлагддаггүй ба өөрөөр хэлбэл гар утасны “Adobe Photoshop” юм. Тэд аппликейшнийн зарим цэсдээ онцгойлон төлбөр авдаг байсан бол 2017 оноос жилийн 19.99 ам.долларын хураамжтай захиалгын системд шилжжээ. Флори, Лутце хоёр аппликейшн дээрээ улам олон хэрэглүүр нэмж, хөгжүүлсээр байна. Тэд тусгай гишүүдэд зориулж (сургалт явуулах гэх мэт), график дизайн, дүрс зургийн элемент нэмж өгөх талаар ярилцаж байгаа аж. Өдгөө 40 настай Лутце “VSCO”-ийн хэрэглэгчид, ялангуяа өсвөр насныхан өөрсдийгөө зүгээр л гэрэл зурагчин гэж хэлүүлэх дургүй гэдгийг онцлоод “Тэдэнд хүссэн зүйлээ бүтээхэд нь тусламаар байна” гэв.