Авто үйлдвэрлэгч “Subaru Corp” компани 2030 оноос өмнө цахилгаан хөдөлгүүртэй автомашины тусгай зориулалт бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулах зорилт тавьснаа пүрэв гарагт мэдэгджээ. Тус компани өөрсдийн гол зах зээл болох Хойд Америк дахь цахилгааны машины хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлттэй зэрэгцэхийн тулд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө төсөвлөсний нэг хэсэг нь энэ аж.
Мөн пүрэв гарагт “Subaru” компаниас АНУ дахь дилерүүдэд хандаж мэдэгдэл хийхдээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатлын улмаас тус зах зээлд ердөө 5000 машины нөөц үлдээд байгааг анхааруулсан байна.
“Subaru” 2025 онд бензин хөдөлгүүртэй болон цахилгаан хөдөлгүүртэй машины холимог үйлдвэрлэлээ эхлүүлэх бол 2027 он гараад зөвхөн цахилгаан машинд зориулсан үйлдвэрээ нээхээр төлөвлөжээ. Японы бусад үйлдвэрлэгчдийн хувьд цахилгаан машинд тусгайлан зориулсан үйлдвэр барих талаар албан ёсоор зарлаагүй байгаа.