“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор АНУ-ын хамгийн өгөөмөр 25 буяны үйлстэн амьдралынхаа туршид нийт 169 тэрбум ам.доллар хандивлажээ. Энэ тоо өнгөрсөн жил 149 тэрбум ам.доллар байснаас өссөн нь нэг талаараа бидний олж авсан шинэ мэдээлэлтэй холбоотой ч нөгөө талаараа эдгээр мега донорууд өнгөрсөн 12 сарын хугацаанд дахин их хэмжээний бэлэг тараасантай холбоотой билээ.
Эдгээр сайн үйлстний нийт хөрөнгө жилийн өмнөхөөсөө 150 тэрбум ам.доллараар илүү болжээ. Жагсаалтыг тэргүүлж буй Уоррен Баффет жил бүр “Berkshire Hathaway”-аас 4.1 тэрбум ам.долларын хувьцаа хандивладаг бөгөөд таамаглаж байсанчлан Билл ба Мелинда Гейтсийн санд ихэнх хувиа хандивлажээ. Тавдугаар байрт Маккензи Скотт бичигдсэн бөгөөд өөрийн нэр дээр ямар ч сан, олон нийтэд нээлттэй вэбсайтгүй (одоохондоо) тэрбээр 2020 оноос хойш 780 гаруй байгууллагад дор хаяж 8.6 тэрбум ам.доллар хандивласан тухайгаа өнгөрөгч арванхоёрдугаар сард дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй дурджээ. Скоттын экс нөхөр Жефф Безос өнгөрсөн долдугаар сард “Amazon” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш 2021 онд нэг тэрбум ам.долларын бэлэг өгөхөө зарласнаар буяны үйлсийнхээ байрыг ахиулж, 16 дугаарт бичигдэж байна.
Эдгээр 25-ын 17 нь амьдралынхаа туршид эсвэл нас барсныхаа дараа хөрөнгийнхөө талыг буяны үйлсэд хандивлахаа амлаж “Giving Pledge”-д гарын үсэг зурсан ч тэдний гуравны хоёроос илүү хувь нь хөрөнгийнхөө тавны нэг хэсгийг ч өгөөгүй байна. 2012 онд хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй байхдаа тус амлалтад гарын үсэг зурсан “Tesla”-ын гүйцэтгэх захирал Илон Маск өдгөө 240 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон хэдий ч одоогийн байдлаар хөрөнгийнхөө 0.1 хувийг л бусдад хандивлажээ.
1. Уоррен Баффет
Хөрөнгийн хэмжээ: $115.6 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Berkshire Hathaway
Анхаардаг чиглэл: Эрүүл мэнд, ядуурлыг бууруулах
Хандивласан нийт мөнгөн дүн: $46.1 тэрбум
2. Билл Гейтс, Мелинда Френч Гейтс
Хөрөнгийн хэмжээ: $133.3 тэрбум, $6.1 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Microsoft
Анхаардаг чиглэл: Эрүүл мэнд, ядуурлыг бууруулах
Хандивласан нийт мөнгөн дүн: $33.4 тэрбум
3. Жорж Сорос
Хөрөнгийн хэмжээ: $8.6 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Хедж сан
Анхаардаг чиглэл: Ардчилал, боловсрол, үл ялгаварлан гадуурхах, эрүүл мэнд
Хандивласан нийт мөнгөн дүн: $18.1 тэрбум
4. Майкл Блүүмберг
Хөрөнгийн хэмжээ: $70 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Bloomberg LP
Анхаардаг чиглэл: Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд
Хандивласан нийт мөнгөн дүн: $12.7 тэрбум
5. Маккензи Скотт
Хөрөнгийн хэмжээ: $53.5 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Amazon
Анхаардаг чиглэл: Арьс өнгө, хүйс, эдийн засгийн тэгш бус байдал
Хандивласан нийт мөнгөн дүн: $8.61 тэрбум
6. Чарльз Фини
Хөрөнгийн хэмжээ: $2 сая хүртэл
Хөрөнгийн эх үүсвэр: Татваргүй дэлгүүрүүд
Анхаардаг чиглэл: Шинжлэх ухаан, хүний эрх, залуус
Хандивласан нийт мөнгөн дүн: $8 тэрбум
7. Гордон Мур, Бетти Мур
Хөрөнгийн хэмжээ: $11.1 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Intel
Анхаардаг чиглэл: Шинжлэх ухаан, байгаль орчин
Хандивласан нийт мөнгөн дүн: $5.5 тэрбум
8. Жим Симонс, Мэрилин Симонс
Хөрөнгийн хэмжээ: $24.4 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Хедж сан
Анхаардаг чиглэл: STEM судалгаа
Хандивласан нийт мөнгөн дүн: $3.3 тэрбум
9. Фил Найтын гэр бүл
Хөрөнгийн хэмжээ: $24.4 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Nike
Анхаардаг чиглэл: Боловсрол
Хандивласан нийт мөнгөн дүн: $3.1 тэрбум
10. Марк Закерберг, Присцилла Чан
Хөрөнгийн хэмжээ: $112.8 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Facebook
Анхаардаг чиглэл: Шинжлэх ухаан, боловсрол, шударга ёс
Хандивласан нийт мөнгөн дүн: $3.1 тэрбум