1996 оны есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улс нэгэн шинэ иргэнээ өлгийдөн авсан нь залуу реппер Х.Ундрах буюу Pacrap байв. Харин энэ өдөр АНУ-ын алдарт реппер 2Pac-ыг Лас-Вегас хотод калибр буутай этгээдүүд хүнд шархдуулж, домогт уран бүтээлч зургаан хоногийн турш ухаангүй байсаар хорвоог орхисон юм. Багаасаа 2PAC-ын уран бүтээлүүдийг сонсож өссөн, Хип хоп хөгжмийн зах зээлд орхигдоод байсан old school урсгалын төлөөлөгч Pacrap-г “Forbes Mongolia” онцолж байна.
Алдарт дуучин Jay Z дэлхийн анхны тэрбумтан реппер болж байх мөчид буюу 2019 оны зургадугаар сард дөрвөн жилийн өмнө бичсэн хоёр мөр rhyme-аа дуу болгохоор олонд танигдаж амжаагүй даруухан хүү гүйж явсан нь Pacrap байв. Энэ үед түүний амжилтад хүрэх эхлэл хэдийнэ тодорхой болсон байлаа. Өдгөө түүний “Give me justice”, “Рашаантын 18” зэрэг хит бүтээлүүд нь олон нийтийг байлдан дагуулж, тэр өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болжээ. Харин түүний амжилтын гараатай зэрэгцэн коронавирусийн цар тахлын нөлөө улам бүр тэлж, тун удалгүй Монгол Улс төдийгүй дэлхийн ихэнх улс орнууд халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоосон билээ. Энэ нь уран бүтээлчдэд хамгийн их нөлөөлсөн юм. “Counterpoint Research”-ийн хамгийн сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дэлхийн онлайн хөгжмийн стриминг захиалга 2020 оны нэгдүгээр улиралд 35 хувиар өсөж, захиалсан хүний тоо 394 саяд хүрсэн байна. Энэ нь хөл хорионы үеэр онлайн платформуудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байв. Гэвч хөгжмийн онлайн үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй, аливаа уран бүтээлд мөнгө төлөх хэрэглэгчийн соёл бүрэн төлөвшөөгүй манай улсын хувьд энэ үзүүлэлт эерэг үр дүн болж чадах эсэх нь эргэлзээтэй. Үүнтэй зэрэгцэн түүний анхны биет цомог, олон улсын зах зээл рүү гарах төлөвлөгөө, тоглолт зэрэг бүх л ажлууд нь хойшилсон ч тэрбээр уран бүтээлээ хойш тавихаас татгалзаж, 2020 онд найман шинэ клип сонсогчдод хүргэсэн талаараа өгүүлэв. Бидэнтэй ярилцахаар Pacrap шинээр цацаж буй клипнийхээ зураг авалтаас ирсэн бөгөөд реппер Wolfizm, Mo`G нарын сонирхолтой хамтралаар хип хоп хөгжмийн зах зээлд тэсрэлт хийнэ хэмээн төлөвлөж буйгаа хуваалцсан юм.
Хэдийгээр Монголын хөгжмийн зах зээл жижиг боловч, жил ирэх тусам уран бүтээлчдийн чанар сайжирч, гол тоглогч нь байх өрсөлдөөн улам бүр ширүүсч буй. Бас энэ зах зээлд ямар ч мөнгөгүй, сайн продюсергүй бол хол алхах хэцүү. Х.Ундрах энэ замаар алхахын тулд гурван их сургууль хаяж, Солонгост хамгийн хүнд гэж тооцогддог ажлуудыг ч хийж үзсэн. Тэр Солонгос руу 18 настайдаа ажил хийхээр явж, танихгүй газар, хэзээ ч харж байгаагүй хүмүүсийн дунд барилгын цонх байрлуулах ажил хийж байжээ. “Хамт байсан хүмүүс маань тэнд удаан амьдарсан болохоор хувь хувиа л даадаг байлаа. Цалингаа хэзээ авахаа мэдэхгүй, мөнгө ч байхгүй тийм өдрүүд. Арав дахь хоног дээр нуруу маань цоорсон ч тэр шархан дээрээ цонхоо үүрч, ажлаа хийдэг байсан. Солонгост ажиллаж байсан хамгийн хүнд үе гэхээр тэр л бодогдож байна. Барилга, метроны гарц, нойлын цаасны үйлдвэр, аяга угаах гээд бүх л ажлыг хийж үзсэн” хэмээн харийн оронд хүнд ажил хийж байсан үеийнхээ талаар ярихдаа тэр гүн гүнзгий бодлогоширч байлаа. Мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй байсан түүнд ая худалдаж авах, чанартай клип хийлгүүлэх санхүүгийн үй түмэн бэрхшээл тулгардаг байсан ч тэр авьяасдаа илүү итгэдэг байжээ. Үнэт эдлэл, орчин үеийн машин, халуухан бүсгүйчүүд, өндөр зэрэглэлийн обьектыг дүрсэлсэн new school урсгал энтертайнментын салбарыг бүхэлд нь эзэгнэж байхад тэр эсрэг зүг рүү явж байв. Харин Pacrap гурван сая гаруй хандалт аваад буй орчин үеийн old school уран бүтээл “Give me justice”-г бүтээхдээ ямар ч төсөв зарцуулаагүй байна. Клипэнд гэрээсээ төрийн ордон руу алхаж буй үзэгдэл гардаг нь ард түмэн болон улсыг удирдаж буй хүмүүсийн ялгааг харуулахыг зорьжээ. Мөн түүний хажууд дүү нь алхаж буй бөгөөд энэ нь ярилцахад хамгийн ойр, хамтдаа тэмцэх хүн бол гэр бүлийнхэн гэдгийг, хуучны хэв маягаар хувцасласан нь өнгөрсөнд болсон бүхнийг өнөөдөр мартаж болохгүй гэсэн гүн гүнзгий агуулгыг шингээсэн аж.
Энтертайнмент ертөнцөөр дамжуулан мөнгө олж байгаа л бол төлөх ёстойгоо төлж, өгөх ёстойгоо өгөх нь түүний зарчим.
“Харийн нутагт хүний гэрийг нүүлгэж явлаа, энэ бол жишээ Улаанбаатарт траншейн доогуур кабель татаж явсан билээ” гэх мөртүүдийг шигтгэсэн түүний шинэ уран бүтээл “Цэнхэр залаа” сонсогчдын сонорт хүрээд удаагүй байна. МҮОНТВ-ийн цаг агаарын мэдээний үеэр эгшиглэж, Монголын ард түмнийг 52 жил баясгаж буй “Цэнхэр залаа”-г хөгжмийн найруулгадаа ашиглахдаа тэрбээр оюуны өмчийн бүх л зөвшөөрлийг авч, зохих төлбөрийг нь өгсөн байна. Pacrap ”Бусад хүмүүс ч гэсэн миний дууг ашиглахдаа надад хоёр ч удаа хандаж, төлбөр төлж байсан. Контент ашиглахдаа зөвшөөрөл авч байгаа нь дэвшил гэж харж байна. Олон улсад дуу хөгжимд төлбөр төлж байгаа нь сайхан мэдрэмж авахаас илүүтэй дуртай уран бүтээлчээ дэмжих хэлбэр гэж үздэг” хэмээж байлаа.
“Нэгэн үе рок попын ертөнц гэж ярьдаг байсан бол одоо энэ үг улиг болсон. Дижитал платформууд хүчээ авснаар хип хоп хөгжмийн зах зээлд эзлэх байр суурь өдрөөс өдөрт өсөж байна. Энэ хэрээрээ ч энэ салбарт эргэлдэх мөнгөн урсгал нэмэгдэж байгаа. Хип хопчдыг нийгмийн зүгээс янз бүрээр шүүмжилдэг ч ихэнх нь маш соёлтой залуус” гэж хэлээд тэр хамгийн сүүлд оролцсон сайн үйлсийн аяныхаа талаар хуваалцав. Багаасаа л маш эмзэг, өрөвчхөн сэтгэлтэй байсан түүнд бусдад туслах, өөрийнхөө боломжоос хуваалцах нь амьд байгаагаа мэдрэх бас нэг шалтгаан болдог аж. Тэрбээр “Give me justice” дууны клипэнд өмссөн савхин хүрмээ дуудлага худалдаанд оруулж, орлогыг нь 1 нас 10 сартай бяцхан охины зүрхний хагалгаанд хандивласан байна.
Х.Ундрах тасралтгүй хөдөлмөрлөхийн сацуу зах зээлд ямар тоглолт хийх ёстойг сайн мэддэг нэгэн. Тэр багаасаа 2PAC-ын үнэнч шүтэн бишрэгч байсан нь old school урсгалыг хөгжүүлэхэд нөлөөлснөөс гадна дэлхий дахины чиг хандлага хуучны хэв загваруудыг сэргээн шүтэх болсныг анзаарсан байна. Түүний хамтран ажиллахаар төлөвлөж буй БНСУ-ын алдартай репперүүдийн нэг Nafla ч old school хэв маягаар уран бүтээл туурвидаг бөгөөд тус урсгалыг нэвтрүүлж байх үедээ ихээхэн шүүмжлэлд өртөж байсан. Харин өдгөө Солонгосын хамгийн өндөр орлоготой репперүүдийн тоонд багтдаг байна. Pacrap “Хип хоп бол урлагийн нэг төрөл” гэдгийг тодотгон хэлээд “Энэ салбарт төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй. Урлагийн салбарыг дэмжих бодлого дутмаг байна. БНСУ урлагийн салбараасаа хамгийн их татвар төвлөрүүлдэг. 2021 онд гэхэд зөвхөн K-pop-ийн хөгжилд зориулж нэмэлтээр 47 тэрбум вон баталсан байна. Урлагийн салбар ч бас эдийн засагт тодорхой үүрэг оролцоотой. Хөгжмийн бизнес хийх таатай орчныг бүрдүүлж чадвал уран бүтээлчид татвараа төлж, илүү өндөр түвшинд хөгжих болно” хэмээсэн юм. Түүний ойрын хугацааны зорилтод АНУ, БНСУ, Япон зэрэг орны уран бүтээлчидтэй уулзалт хийж, хамтран ажиллах төлөвлөгөө багтсан бөгөөд эдгээр орны хөгжмийн продакшнуудтай холбоо тогтоож эхэлсэн байна. Pacrap-ын хэлж буйгаар дуулж байгаа хүн бүрийн сонирхол олонд танигдаж, мөнгө олох бус өөрийнхөө ертөнцийг бусдад мэдрүүлж, кайф авах бөгөөд 100 жилийн дараа ч дурсагдах, хэдэн сая хүн сонсох уран бүтээл туурвих нь түүний туйлын зорилго.
“Хөгжмийн илүү өргөн зах зээлд хүч үзэж, бүх бололцоогоороо хөгжихийг хичээж байна. Хэрвээ Монголын зах зээлээр хязгаарлагдвал тэнд нэг оргил л бий. Тэнд очоод зогсохыг хүсэхгүй байна. Цар тахал намжчихвал олон ажил урагшлах байх” гэж ярих түүнээс зогсолтгүй урсах хүч мэдрэгдэж байлаа. Тийм ч учраас би түүнээс өөр салбарт хүч сорих хүсэлтэй эсэхийг тодруулахад тэрбээр аль хэдийнэ кино урлагт хөл тавьж, жүжигчний карьер эхлүүлсэн гэдгээ дуулгасан юм. Зогсолтгүй тэмүүлэх шинэ цагийн энтрепренерийн хөрөг энэ цэгт дуусаж байна. Гэхдээ Монгол дахь 2PAC-ын “хамаатан”-ыг анхны биет цомог, сонирхолтой хамтрал, олон улсын зах зээлд хүч сорих эхлэл, жүжигчний карьерын шинэ цэг хүлээж байна.
2021 оны нэгдүгээр сар
Т.НАМУУНБОЛОР