MIT-ийн төгсөгч хоёр залуу өөхлөх өвчлөлийг анагаах, хэвлийн хөндийн мэс заслыг хурдан, хямд зардлаар эрсдэл бага хийхийн тулд мэс засалч бяцхан роботыг бүтээснээр салбарынхаа аваргуудыг давж байна.
“Vicarious Surgical”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Адам Сакс бага байхдаа 1966 онд хийгдсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Fantastic Voyage” киног үзэж байв. Мэс засалчид бичил дурангаар эрдэмтний тархинд мэс засал хийж буй зураглал нь түүний сонирхлыг ихэд татжээ. Тэр цагаас тэрбээр энэ талаар илүү дэлгэрэнгүй судлав. “Хүн хүндээ мэс засал хийхэд тохиромжгүй хэмжээтэй. Бид хүмүүсийг агшааж чадахгүй ч, тэдний аватар болох бяцхан робот хувилбарыг бүтээж чадна” гэж Сакс өгүүлэв.
Тэрбээр энэхүү санаагаа бодит болгох зорилгоор “Vicarious Surgical” компанийн хамтран үүсгэн байгуулагчид болох технологийн ахлах мэргэжилтэн Сэмми Халифа, эмнэлгийн ерөнхий эмч, доктор Барри Грин нарын хамт сүүлийн арван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөжээ. Тэдний хөдөлмөр үр ашгаа өгч, VR чихэвчээр холбогдон хэвлийн хөндийн мэс засал хийх зориулалттай роботыг бүтээв. 2023 онд зах зээлд гаргахаар төлөвлөж буй тус роботын хоёр гар болон камер нь өвчтөний гэдсэнд нэг инчээс бага хэмжээний зүсэлт хийснээр хагалгааг цааш гүйцэтгэх боломжтой аж. Мэс засалч роботын оврыг багасгах нь хүндрэлтэй ч тэд ивэрхийн мэс заслаас эхлээд хэвлийн хөндийн мэс заслын одоогийн арга барилтай харьцуулахад илүү хурдан, эрсдэл багатай мэс заслуудыг хийхэд эмч нарт тусалж чадна хэмээн найдсаар байна.
Кинонд өгүүлэх уран зөгнөл нь бодит байдлаас өөр ч тэд А зэрэглэлийн хөрөнгө оруулагч Билл Гейтс, Винод Хосла, Эрик Шмидт, Жерри Ян нарын анхаарлыг татахуйц шинэлэг байж чадсан юм. Түүнчлэн “FDA”-аас төхөөрөмжийн анхны эрхээ авснаар тэд мэс заслын роботоо үйлдвэрлэх боломжтой болсон байна.
“Хүний биеийн хөндийд тохойгоо хүртэл оруулж, хэвлийн хананд хүрч ажиллах нь маш хүнд. Тиймээс робот мэс засалч цаашид илүү сайжирч, хөгжих боломжтой гэсэн хүлээлттэй байна” хэмээн “Medtronic”-ийн робот техникийн хөтөлбөрийг удирдагч асан, “Vicarious”-ийн зөвлөх Пол Гермес үзэж байна.
“Vicarious Surgical”- ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Адам Сакс өөрийн бүтээсэн бяцхан роботыг турших зорилгоор VR чихэвчээ анх зүүсэн торгон мөчөө, “Энэ бүхэн миний биеийн нэг хэсэг болсон мэт тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан” хэмээн дүрсэлжээ
Тус компани Хонконгын хөрөнгө оруулагч Дональд Тангийн байгуулсан “SPAC”-тай нэгдэхээр зэхэж буй. Ингэснээр анагаахын технологийн аварга Бектон Дикинсоныг хөрөнгө оруулагчаа болгож 2027 он гэхэд жилийн орлого нь тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
Мэс заслын робот хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Intuitive Surgical”-ын зах зээлийн үнэлгээ 115 тэрбум ам.доллар байна. 4 гартай, наалдамхай багаж бүхий Да Винчи роботоо 20 гаруй жилийн өмнө зах зээлд анх танилцуулсан үеэсээ тус компани салбараа тэргүүлж байна. “Intuitive”-ийн патентын эрхийн хугацаа дуусаж, робот технологи хөгжих тусам өрсөлдөгчид болох “J&J”, “Medtronic” нар робот мэс заслын стартапуудыг өөрсдийн эгнээнд элсүүлж, хэвлийн хөндийн дурангийн мэс засал шиг энгийн мэс заслыг хийх роботыг бүтээн тэдэнтэй өрсөлдсөөр байна. Одоогийн тэргүүлэгч роботуудтай харьцуулахад “Vicarious”-ийн роботууд тэдний тал үнэ буюу 1.2 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ нь мэс засалчдын хувьд робот ашиглах үйл явцыг хөнгөвчлөх давуу талыг үүсгэсэн.
Саксийн машин бүтээх, загварчлах боловсрол Бостон хотын захад байрлах түүний гэрээс эхлэлтэй. Түүний аав, Эли Сакс өнөөгийн 3D хэвлэлтийн хамгийн ахмад төлөөлөгч бөгөөд “MIT” их сургуулийн механик инженерийн багш, харин ээж нь архитектор мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр “MIT”-н инженерийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа Калифатай танилцаж, маш хурдан дотносжээ. Тэд сургуулийнхаа машин үйлдвэрийн төвд роботын үеийг тэжээдэг механик эд ангиудыг үйлдвэрлэж чөлөөт цагаа өнгөрөөдөг байв. “Бид байнга туршилт хийж, ажиллахгүй байгаа хэсгүүдийг нь илрүүлж, дахин дахин шинэчилдэг байсан” гэв.
Сакс, Калифа нар коллежид байх үедээ Саксийн гэр бүлийн найз, жин хасах мэс заслын эмч Грийнтэй хамтран эмчилгээний төхөөрөмж дээр ажиллаж эхэлсэн нь өдгөө робот болтлоо хөгжжээ. Сакс 2014 онд “Apple”-д богино хугацаанд ажилласны дараа, Майкл Ротенбергийн 400,000 ам.долларын санхүүжилтээр “Vicarious”-ийг албан ёсоор байгуулсан. (Удалгүй Ротенбергийг хууль зүйн яамнаас залилангийн хэрэгт буруутгасан ч энэ нь үүнтэй холболдолгүй юм) 2015 онд Халифа тэдэнтэй нэгдэхийн тулд ажлаа орхив. Өнгөрсөн хугацаанд идэвхжүүлэгчдийг хэрхэн зөв ажиллуулах вэ гэдэг нь хамгийн хэцүү зүйл байсан хэмээн Сакс дурдав. Робот тус бүр 28 мэдрэгчтэй, үе мөч бүрийг нь нэгнээс нь ангид ажиллуулахын тулд бүгдийг нь салангид загвараар бүтээх нь тэдэнд тулгарсан маш том бэрхшээл байсан аж.
“Carneige Mellon”-ы роботикийн профессор Хауи Чозет уг техникийн бэрхшээлийг хэт их ачааг тээшинд хийн зөөх, өргөхөд тулгардаг асуудалтай харьцуулж тайлбарлажээ. Тэрбээр “Идэвхжүүлэгч жижиг байх тусам маш хэврэг болдог. Гэхдээ Cакс үнийг амжилттай хийж чадсан нь үнэхээр гайхалтай хэрэг” хэмээв.
Америкт ивэрхийн сэргээн заслын мэс ажилбар нэг жилд 2 сая гаруй, хэвлийн хананы мэс засал 500,000 гаруй хийгддэг. Нийтлэг боловч хамгийн их ажиллагаатай хагалгаануудыг хамардаг том зах зээлд “Vicarious” хүч сорьж байна. Ивэрхийн ерөнхий мэс заслын үеэр хэвлийн хананд тор бэхлэх ажилбар хийгддэг. Хэвлийн булчинд тор бэхлэх дэвшилтэт технологи нь давтан хагалгаа хийх магадлалыг бууруулдаг ч энэ нь ажиллагаа их. Одоогийн роботуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэхэд 4 хүртэлх цагийг зарцуулдаг байна. Харин “FDA”-аас мэс заслын роботод зориулсан анхны төхөөрөмжийн эрхээ хүлээн авах үед ”Vicarious” энэхүү хагалгааг 2 цагийн хугацаанд хийдэг байв. Өдгөө тэд энэ хугацааг нэг цаг болтол нь багасгаж чаджээ.
“Vicarious” цаашид цөсний хүүдийн мэс засал зэрэг 39 сая төрлийн хэвлийн мэс ажилбар хийгддэг зах зээл рүү технологио тэлэх төлөвлөгөөтэй байна. (Үүний ердөө 3 хувийг өдгөө роботоор хийж байна) Тиймээс “Vicarious”- ийн хувьцаа нь 112 сая ам.доллараар үнэлэгддэг Сакст одоогийнхоосоо илүү том компанийг бий болгохын тулд зах зээлийн багахан хэсэг л хэрэгтэй аж. “Энэ талбар удаан хугацаанд зогсонги байдалд байсан. Хэдийгээр үүнийг үгүйсгэх хэсэг байдаг ч энэ бүхэн боломжтой, хоосон мөрөөдөл биш гэдгийг батлахын тулд чаддаг хүмүүст нь даатгах ёстой” хэмээн “SPAC”-ийн хөрөнгө оруулагч Тан өгүүлж байна.