Гараар ороосон навчин тамхины үйлдвэрлэлээр дэлхийд алдаршсан Кубын төрийн өмчит монопол “Habanos S.A” компани 2021 онд борлуулалтын дээд амжилт тогтоосон болохоо лхагва гарагт мэдэгджээ. Цар тахлын улмаас хоёр жилийн турш уналттай байсан тэдний бизнес өнгөрсөн онд вакцинжуулалт, аялал жуулчлалын сэргэлтийн ачаар 15 хувийн орлогын өсөлт үзүүлсэн нь энэ аж.
2020 онд Кубын аялал жуулчлалын түнш орнуудын эрэлт буурсны зэрэгцээ борлуулалтын гол цэг болох нисэх буудлын татваргүй дэлгүүрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь навчин тамхины үйлдвэрлэлд томоохон цохилт болоод байв.
“Cohiba”, “Montecristo”, “Partagas” зэрэг брэндийн гараар ороосон навчин тамхи нь дэлхийд шилдэгт тооцогдохоос гадна коммунист засаглалтай тус орны экспортын гол бүтээгдэхүүний нэг нь юм.
“Habanos” компанийн мэдэгдсэнээр цаашид гол бүтээгдэхүүнийхээ олон улсад зарагдах дундаж үнийг тогтоохдоо Хонконгийн зах зээлийг жишиг болгон ашиглах аж.
Үүнээс үзвэл том хэмжээтэй “Cohiba” навчин тамхины ширхэгийн үнэ удахгүй 100 ам.долларыг давах төлөвтэй байгааг Кубын “Cigar Aficionado” сэтгүүл онцолжээ.