Израил улсад өнгөрөгч тавдугаар сарын 10-ны өдөр онгоцны зорчигчдын “iPhone” гар утсанд AirDrop файл хуваалцах функцээр дамжуулан агаарын тээврийн ослыг харуулсан гэрэл зургууд гарч ирсэнтэй холбоотой есөн хүнийг баривчлан саатуулжээ. Тель-Авив хотын “Ben Gurion” нисэх онгоцны буудалд Истанбул чиглэлд нисэхээр хөөрөх зурвас дээр явж байсан “AndoluJet” компанийн онгоцонд уг хэрэг болсон аж.
Айж сандарсан зорчигчдоос нэгэн эмэгтэй ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бол өөр нэгэн эмэгтэй сандарч мэгдэн цочролд орсноор зорчигчид нисэх онгоцны багийнханд анхааруулж онгоц хөөрөлтийг даруй зогсоосон болохыг “Reuters” агентлагаас мэдээлэв. Холбогдох мэргэжилтнүүд зорчигчид болон тэдний ачаа тээшний аюулгүй байдалд шалгалт хийснээр онгоц нислэгийн цагаасаа таван цагаар хоцорч хөөрчээ.
Тус есөн сэжигтэй этгээдийг хяналт шалгалтаар Израилын иргэд болохыг тогтоосон бөгөөд тэдэнд худал мэдээлэл тараасан хэргээр тус улсын хуулиар гурван жилийн ял оноох боломжтой аж. Чухамхүү ямар шалтгааны улмаас тухайн зургуудыг цацах болсон нь тодорхойгүй байгаа ч Израилийн нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч эл онгоцонд болсон үйл явдал кибер халдлага биш болохыг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн зун яг ижил үйл явдал тохиолдсон нь, Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд “United Airlines”-ийн онгоцон дотор сууж байсан хэд хэдэн зорчигчдын утсанд AirDrop-оор галт зэвсгийг дүрсэлсэн зураг ирснээр тус онгоцыг нүүлгэн шилжүүлж байсан. Гуравдугаар сард Орландогийн олон улсын нисэх онгоцны буудалд 10 настай хүү мөн л тус функцыг ашиглан зорчигчдыг заналхийлсний улмаас “Alaska Airlines”-ийн нислэг нэг цаг гаруйн хугацаатай саатаж байжээ. Харин Израилд болсон энэхүү хэрэг AirDrop функцыг ашиглан энэ жил хоёр дахь удаагаа нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсгэсэн явдал болж байна.