Борлуулж болох бүхнээ худалдахад одоогоос илүү тохиромжтой үе байсангүй. Энэ оны хамгийн их ашиг орлоготой уран бүтээлчид хөгжмийн каталогоо бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ихэнх тохиолдолд есөн оронтой тоогоор үнэлснээр тус зэрэглэлд багтав. Бусад нь продакшн студиэ худалдаж, хуучны телевизийн шоунаас ашиг олж, шампанск, текила эсвэл пүүзний нүүр царай болох зэргээр жагсаалтад багтсан юм. Харин гуравны нэг хүрэхгүй хувийнх нь орлогын ихэнх нь шинэ контентоос бүрджээ.
Ингээд та бүхэнд энтертаймент, шоу бизнесийн ертөнцийн шилдгүүдийг 2021 онд олсон нийт орлогоор нь жагсаан хүргэж байна.
1. Питер Жэксон • $580 сая
“Бөгжний эзэн” киноны найруулагч арваннэгдүгээр сард “Weta Digital” визуал эффектийн компаниа хэсэгчлэн “Unity Software”-д 1,6 тэрбум ам.доллараар худалдсаны 40 орчим хувийг нь бэлнээр авснаар тэрбумтан болсон.
2. Брюс Спрингстин • $435 сая
Арванхоёрдугаар сард “Босс” хочит Брюс Спрингстин 11 мултиплатинум болон таван алтан сингл цомог, дууныхаа мастерууд болон нийтлэх эрхийг ойролцоогоор 500 сая ам.доллараар худалдсанаар татварын өмнөх орлого нь дор хаяж нэг тэрбум ам.долларт хүрсэн гэж “Forbes” тооцоолж байна. Худалдан авагч нь түүний харьяалагддаг “Columbia Records”-ийн толгой компани болох “Sony Music Group” байсан юм.
3. Jay-Z • $340 сая
Хип хопын магнат хөгжмийн стриймингийн “Tidal” болон “Armand de Brignac” брэндийн шампанскийн хувь эзэмшлээс ихээхэн ашиг олсон.
4. Дуэйн Жонсон “The Rock” • $270 сая
Орлогынх нь 25 орчим хувийг “Jungle Cruise”, “Red Notice” үлдсэн хувийг нь түүний шуугиант текила брэнд “Teremana” бүрдүүлж байна.
5. Канье Уэст • $235 сая
“Adidas”-т зориулсан “Yeezy” пүүзний урт хугацааны гэрээнээс орлогынх нь ихэнх хэсэг бүрдэж байна. Өнгөрсөн жил “Gap”-д зориулан загварласан хүрэм, юүдэнтэй цамц нь маш хурдан зарагдаж дууссан. Гэвч үүсгэн байгуулагдаад 52 жилийн нүүр үзэж буй тус брэнд үүнээс илүү ихийг хүсэж байгаа бөгөөд удаашралтай худалдаанд бухимдалтай хандаж байна
6. Трей Паркер, Мэтт Стоун • $210 сая
Гайхшруулмаар, хөгжилтэй, хямд өртөгтэй “South Park” цуврал болон тусгай ангиуд нь сүүлийн жилүүдэд жилийн 80 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Наймдугаар сард тэд “Paramount+”-тай зургаан жилийн хугацаатай 900 сая ам.долларын гэрээ байгуулсан юм.
7. Пол Саймон • $200 сая
Өнгөрсөн гуравдугаар сард Саймон “The Sound of Silence” зэрэг олон зуун дууныхаа сан хөмрөгийг “Sony Music Publishing”-д 250 сая ам.доллараар худалдсан.
8. Тайлер Перри • $165 сая
Тэрбумтан өөрийн телевизийн шоунууд, Жоржиа муж дахь продакшн студи болон “Madea” киноны франчайзаас ашиг олдог.
9. Райан Теддер • $160 сая
“OneRepublic” хамтлагийн гоцлол дуучин тэрбээр өөрийн хамтлагт зориулж бичсэн 500 гаруй дуунаас гадна Бейонсе, Адель, Эд Ширан нарын хит дуунуудыг бичсэн. Тэр нэгдүгээр сард өөрийн каталогийн нэгээхэн хэсгийг KKR-т худалдсан юм.
10. Боб Дилан • $130 сая
80 настай Нобелийн шагналтан өнгөрсөн долдугаар сард өөрийн бичсэн хөгжим болон дуу бичлэгийнхээ эрхийг 150 сая ам.доллараар “Sony”-д шилжүүлжээ. Тэрбээр 2020 онд дуу, хөгжмийн каталогоо “Universal”-д 400 сая ам.доллараар худалдах томоохон гэрээ хийж байсан юм.
11. Red Hot Chili Peppers • $116 сая
Лондонгийн хөгжмийн хөрөнгө оруулалтын “Hipgnosis” сан өнгөрсөн тавдугаар сард Калифорнийн рок хамтлагийн каталогийг худалдан авчээ.
12. Риз Уизерспун • $115 сая
Тэрбээр эмэгтэйчүүдэд чиглэсэн “Hello Sunshine” продакшнынхаа нэгээхэн хэсгийг 900 сая ам.долларын үнээр худалдсан.