Өөр дээрээ 1000 дууны багтаамжтай, ашиглахад онцгой хялбар функц бүхий “iPod” төхөөрөмжийг “Apple” компани 2001 онд анхлан худалдаанд гаргаснаар хөгжмийн салбарт хувьсгал хийж, энгийн CD болон кассет тоглуулагчийг зах зээлээс түлхэн гаргаж байсан билээ.
Удалгүй “Windows” үйлдлийн системд нийцтэй хувилбар нь гарснаар хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татах болж, компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Стив Жобс “тодорхой нэгэн зах зээлд өөрчлөлт хийх давамгай тоглогч байх нь сайхан байна” хэмээн хошигнож байсан түүхтэй.
Тэгвэл “Apple”-ийн олон улс дахь маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жосвяк өчигдөр буюу мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “зөвхөн хөгжмийн салбарт төдийгүй олон зуун сая хэрэглэгчийн хөгжим сонсох арга барилд өөрчлөлт хийж, нөлөөлж чадсан” энэхүү төхөөрөмжийг цаашид үйлдвэрлэхгүй болохоо мэдэгджээ.
Түүнчлэн одоогоор худалдаанд байгаа 2019 оны “iPod Touch” хувилбарын нөөц зарагдаж дуусахад компанийн зүгээс борлуулалтаа бүр мөсөн зогсоох аж.
“iPod touch” дээрх бүх үйлдэл “iPhone”, “iPad” болон бусад төхөөрөмж дээр “ашиглагдах болсноор үүнийгээ дагаад хэрэгцээ, шаардлага ч багассан. “iPod” болон “iMac” нь тус компанийн хамгийн удаан хугацаанд худалдаанд гаргасан бүтээгдэхүүн учраас энэхүү гэнэтийн мэдэгдэл нь дэлхийн технологийн салбарт том өөрчлөлт гарч буйн илэрхийлэл юм.