“Скай трейдинг” компани байх үеэс бүрэлдсэн харьцангуй туршлагатай баг хамт олон өнөөдрийн Emart-ыг авч яваа учир Л.Жавзмаа Emart-чуудыг ямар ч үед алзахгүй гэдэгт итгэлтэй байдаг.
Учир нь тэд бол маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Дэлгүүр нээгдэхээс өмнөх гурван жилийг зөвхөн хүмүүсээ сургаж, бэлтгэхэд зориулжээ. “2013 онд гэрээ үзэглэчихээд өөрсдөө ирээд бүхнийг жин тан болгоод өгнө гэж эндүү бодож байв. Эсрэгээрээ биднээр өөрсдөөр маань судлуулж, эрэл хайгуул, дүн шинжилгээ хийлгэж, Монголд зориулсан стандартыг гаргаж ирсэн юм. Жижиглэн худалдаа гэдэг ийм зүйл байх ёстой юм байна гэдгийг тэр гурван жилд ухаарч, маш их зүйл сурсан. Бид өмнө нь солонгосчуудтай хамтарч ажилладаг, олон улсын стандарт гэж ярьдаг байсан боловч түүнээсээ ичдэг болох хүртэл өөрчилж өгсөн” гэж “Алтай Холдинг” болон “Скай Хайпермаркет” компанийг 10 гаруй жил удирдаж буй Л.Жавзмаа захирал ярилаа.
Анх нээгдсэн цагаасаа Монголын худалдааны салбарт “агаар сэлгэж” үйлчилгээний шинэ соёл, өндөр стандарт нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан Emart дараа дараагийн шинэ, сайн өөрчлөлтүүдийг нэвтрүүлэхийн төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна. Тухайлбал, онлайн худалдаа руу тэд өөр ухаалаг шийдэлтэй, том алсын хараатай орохоор өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийж буй. Итгэлцлийг бий болгохгүйгээр онлайн бизнес амжилт гаргахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Covid-19-ийн үед мэргэжлийн хяналтын байгууллагууд бүтээгдэхүүнээ савлах шаардлага тавилаа. Гэтэл хүмүүс савласан бүтээгдэхүүн авдаггүй. Яагаад гэвэл итгэхгүй байна. Итгэлцлийг бий болгохгүй байгаа учраас цар тахлын үед ч хүмүүс задгай бүтээгдэхүүн авч байв” хэмээн тэрбээр ярив.
Ийм зан төлөвтэй худалдан авагчдад зөвхөн зураг харуулаад худалдан авахыг ятгавал бүтэлгүйтнэ. Тиймээс Emart-ын бүтээгдэхүүнүүд үргэлж чанараа хадгалдаг, ямар ч мэдлэгтэй худалдан авагч, юуг ч худалдан авсан сэтгэл хангалуун үлддэг гэсэн бодол хэрэглэгчдэд суулгаж байж итгэлцэл үүснэ гэж тэрбээр үзэж байна. “Бид хэзээ ч ажилчдаа энэ жимс ялзарчихаж, энэ жимснээс ийм хэмжээгээр дутлаа гэж цалингаас нь мөнгө суутгадаггүй. Гэтэл компаниа боддог юм уу, хайран санагддаг юм уу, ганц, хоёр ширхэг муу жимс савлагдах тохиолдол хааяа гарна. Тэгэхээр бид, “Тэр худалдан авагч миний найзын ээж байвал яах вэ” гэх мэтээр өөртөө хамаатуулж сэтгэхийг сургаж, суулгах гэж хичээж байна” гэв.
Солонгос “багш” нар ч монголчуудын сэтгэлгээг өөрчлөх тал дээр хамгийн их ажилласан гэв. “Тэд монгол хүнд биднээс илүү хайртай. “Монгол хүн та 100 наслаг” гэдэг нь ерөөс лоозон биш. Бүр манай хүмүүсийг дагуулж яван малчны гэрээс хэрэглэгч хүртэлх мах бэлтгэх бүх шат дамжлага, процессыг харуулж, хаана алдаа гарах эрсдэлтэйг үзүүлж, цэвэр технологийн, шинэ мах ямар чухал болохыг ойлгуулсан. Одоо тэрхүү өөрчлөлтийг бид хийгээд таван жилийн нүүр үзэхэд манай махны борлуулалт өдрөөс өдөрт нэмэгдэж, нийлүүлэгч маань ачааллаа дааж хүчрэхгүй болсон учир хоёр, гурав дахь компанитай гэрээ байгуулж эхэлж байна.
Үүний адилаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, цагаан идээ гээд бүгдийг шинэ, шимтэйгээр нь хэрэглэгчдэд хүргэх ёстой гэсэн үндсэн хуулийг Emart баримталдаг.
Монгол хүн 100 наслахад хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол Монголдоо тарьж ургуулсан ногоо, тариа, Монголдоо өсгөж бойжуулсан малын мах мөн. Хамгийн чухал нь бүтээгдэхүүн маань өдөр бүр шинэ байх ёстой. Бэлтгэн нийлүүлэгчид маань ч үүнийг баримталдаг
Франчайзтай хамт орж ирсэн олон дэвшил, сайжруулалтын дотроос хүмүүст хамгийн их мэдрэгдсэн нь дэлгүүрийн барилга. Нийт талбайнхаа 80 хүртэлх хувийг үйлчлүүлэгчийн тав тухыг хангахад зориулсан хайпермаркет Монголд өмнө байгаагүй. Олон хүнд үйлчлэхийг зорьж буй бол илүү их талбайг нийтийн орон зайд зориулахаас өөр аргагүй хэмээх солонгосчуудын захиасыг ягштал дагаж ажилласнаар тэд хэрэглэгч, худалдан авагчаа хүндэтгэж, тав тухыг нь хангаж чадвал үйлчлүүлэгчид хүссэн хүсээгүй зориод ирдэг болохыг туршлагаараа харуулж байна. Л.Жавзмаа бол Emart-ыг Монголд өлгийдөж авсан хүн. “Алтай Холдинг”-д группт ажил хөдөлмөрийн замналынхаа 23 жилийг өнгөрүүлэхдээ олон талбарт хүчээ сорьж, нэгэн зэрэг хоёроос дээш ажил албыг хашсаар иржээ. Үргэлж өөрийн хүслээр илүү ачаалал өөртөө авч, өөрийгөө ялан дийлж ирсэн нь түүний амжилтын нууц. Ийм л хөдөлмөрч хүн боловч “Би их залхуу хүн” гэж өөрийгөө тодорхойлоод “Би маш олон нягтлан бодогчийг шөнө оройгоор сууж тайлан гаргадгийг мэднэ. Өөрийн сурч хөгжих эсвэл хэрэглэгчдээ үйлчилж байх ёстой цагийг зүгээр л бичиг, тоо шивэх зэрэг механик ажилд зарцуулбал харамсалтай. Тийм учраас манайх дижитал технологийг маш их хэрэглэдэг” хэмээн ярилаа.
Өнөөдөр Emart-ын ажилтан бүр дотоод ажил хэргийн бүхий л харилцааг гар утсаараа амжуулж байна. Тэгэхдээ цөм монгол инженерүүдийн оюунаас төрсөн программ хангамжууд. Бүр нарийн яривал “Скай Трейдинг”-т ажиллаж байсан мэдээллийн технологийн мэргэжилтнүүд нь бие даасан компаниа байгуулах үед Л.Жавзмаа анхнаас нь дэмжиж хамтарч иржээ. Саяхан Urto.mn хэмээх платформыг ашиглалтад оруулснаар Emart- ын 1000 гаруй харилцагч компани өөрсдийн оффис, ажлын ширээн дээрээс хэрэгтэй бүх датаг хүлээн авч, дүгнэлт хийж, борлуулалтаа сайжруулахад тустай олон шинэ мэдлэгүүдийг шинжлэн судалдаг боллоо. “Хоёр жилийн өмнө нэвтрүүлсэн боловч хүмүүст хэрэглэх дадал суухгүй байсан. Харин “Covid-19”-ийн үед тэдний аминд орсон дижитал бүтээгдэхүүн болсон. Үүгээрээ онлайн уулзалт, албан бичиг солилцох гээд бүх харилцааг цаг хугацаанд нь амжуулж байна хэмээв.
2007 онд “Алтай Кашемир”-ын захирал байх үеэсээ л тэр ноолуурын үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг автоматжуулах программыг захиалж хийлгэж байв. Хожим тус программыг бусад үйлдвэр ч авч ашиглах болжээ. 2008 онд мөн албан хэрэг хөтлөлтийн программыг захиалж хийлгэсэн нь мөн л хожмоо төрийн албанд ашиглагдаж байгааг Л.Жавзмаа нүдээр үзээд ихэд урамшжээ. Тус программыг Emart өнөөдөр ч ашигласаар буй. Ажилчдадаа өгөх даалгавраа нэг бүрчлэн цаасан дээр бичиж, ширээн дээр нь орхиж явахад нь “Яагаад үүнд ийм их цаг зарцуулах ёстой гэж” хэмээх бодол түүнд зурсхийснээр энэ программуудыг бүтээх, ашиглах эхлэл болсон юм. 2016 онд анхны дэлгүүр нээгдэхэд Солонгосын талаас бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдсөн нэг зүйл нь программ хангамж байсан аж. “Хэрэглэгчдэдээ үйлчлэх, эсвэл өөрийгөө хөгжүүлж байх ёстой цагийг хэн нэгнээр гарын үсэг зуруулахын төлөө үрэх хайран” гэж тэрбээр үздэг аж.
Үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь зөвхөн ашиглах, амарчлахын төлөө бас биш юм. Харин түүгээр цугласан мэдээллийг бизнестээ, үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж, өөрсдийгөө өдөр тутамд сайжруулахын төлөө юм. Emart-ын барилга гэхэд л BMS (Building management system) нэвтрүүлсэн, цахилгаан, дулаан, усны зарцуулалт хэр байгаа, хаана хэмнэх боломжтой гэх мэт бүх датаг нэг дэлгэцнээс авч болдог. Энэ бүхэн нь эргээд тэдний эрхэлж буй бизнесийг “ногоон” стандартад нийцүүлж байна. Жижиглэн худалдаагаар дамжуулан Монголд үйлчилгээний шинэ соёлыг түгээж байгаа Emart энэ бүхнийг Өмнөд Солонгосын Emart-ын мэдлэгийн нөмөр нөөлөг дор эхлүүлж байсан бол дараагийн салбаруудаа барилгын зураг төслөөс нь эхлээд ашиглалтад оруулах хүртэл бүх ажлыг монгол мэргэжилтнүүдийнхээ хүчээр амжилттай нугалжээ. Одоо тэд өөрсдийн найрсаг, итгэлтэй үйлчилгээгээр дамжуулан монгол хэрэглэгчдэдээ амьдралын эрүүл хэвшил тогтоох нэгэн зорилго тавин ажиллаж байна.
Ц.ЭЛБЭГСАЙХАН