БНСУ-ын засгийн газар Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 180 км зайтай орших Сандуны газрын ховор элементийн уурхай дахь вольфрамын олборлолтыг дахин эхлүүлэхийн тулд 100 сая ам.долларын засвар, шинэчлэлтийн ажил төсөвлөжээ. Цахилгаан хэрэгсэл, чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын энэхүү алхам нь түүхий эдийн импортын хараат байдлаас гарч, энэ салбар дахь Хятадын ноёрхлыг багасгах зорилготой аж.
Вольфрам нь өнөөгийн цахим эринд гар утас, чипнээс эхлээд цахилгаан автомашин, пуужингийн үйлдвэрлэлд нэн чухал үнэ цэнтэй материал болоод байгаа. Түүнчлэн энэ төрлийн ховор ашигт малтмалуудын нийт эрэлт 2040 он гэхэд дөрөв дахин өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ.
Хүн амтай нь харьцуулбал Өмнөд Солонгос дэлхийд вольфрамын хэрэглээгээр тэргүүлдэг ч түүнийхээ 95 хувийг нь Хятадаас импортоор авдаг аж. Харин Сандун нь дэлхий дээрх хамгийн их нөөцтэй вольфрамын орд газруудын нэг гэж тооцогддог бөгөөд ирэх жил дахин нээгдэх үедээ дэлхийн хэрэгцээний 10 хувийг хангана хэмээн тооцоолжээ.
Японы колоничлолын үед буюу 1916 онд анх тус бүс нутгаас вольфрам илэрсэн бөгөөд түүнээс хойш Өмнөд Солонгосын эдийн засгийн гол тулгуурын нэг болж, 60-аад онд тус улсын экспортын орлогын 70 хувийг бүрдүүлж байсан түүх бий. Гэвч тухайн үедээ вольфрамыг зөвхөн метал зүсэх зорилгоор ашигладаг байсны зэрэгцээ Хятадын хямд ашигт малтмалын нийлүүлэлт аажмаар өссөн тул Сандуны уурхай эдийн засгийн үр ашиггүй болж, улмаар 1994 онд хаагдсан юм.
Түүхий эдийн хангамжинд дүн шинжилгээ хийдэг “CRU” группын тооцоолсноор өдгөө дэлхийн вольфрамын нөөцийн 80 хувийг Хятад улс дангаараа эзэмшиж байна.