“Netflix”, “Apple”, “Disney”, “Amazon” тэргүүтэй томоохон стриминг компаниуд өөрсдөө оригинал контент бүтээхийн зэрэгцээ нэгэнт дэлхийд алдаршсан контентын төлөө ширүүн өрсөлдөж, хэдэн зуун тэрбум доллар зарцуулдаг. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх нь оюуны өмчийг худалдан авах, брэнд эзэмшигчдэд төлөх хэлбэрээр зарцуулагдсанаас нэлээд хувь нь олон жилийн өмнө нас барсан, энд нэр дурдагдсан эрхмүүдэд хүрчээ.
Тэнгэрт хальсан хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад багтсан хэд хэдэн эрхэм стриминг үйлчилгээнээс ашиг “хүртсэн” байгаа юм. Тухайлбал, “Peanuts” цуврал “Apple TV+”-тай томоохон гэрээ байгуулснаар зохиолч Чарльз Шульц нийт 40 сая ам.долларын орлоготойгоор дөрөвдүгээрт бичигдлээ. Түүнчлэн жагсаалтын долоодугаарт бичигдсэн Элвис Преслигийн дүрээр бүтээсэн анимейшн цувралаараа “Netflix” чамгүй ашиг олсоор байна. Ийнхүү уг жагсаалтын эхний 13-т орсон эрхмийн 2021 онд олсон ашиг нийлээд 960 сая ам.долларт хүрсэн байна.
1. Роальд Даль (513 сая ам.доллар)
1916-1990 (74)
Алдарт “Чарли ба шоколадны үйлдвэр” номын зохиолч Роальд Далийн бүтээлүүд өдгөө түүний үр сад болон “Netflix” компанийн “Шинэ санааны үйлдвэр” болжээ. 2021 оны есдүгээр сард түүний “Roald Dahl Story” компанийг бүхлээр нь худалдаж аваад буй “Netflix” энэ оны арванхоёрдугаар сард “Matilda” киноны шинэчилсэн хувилбарыг гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн залуу жүжигчин Тимоти Шаламе Вилли Вонкагийн дүрд тоглосон шинэ “Чарли ба шоколадны үйлдвэр”-ийг “Warner Bros” 2023 онд гаргахаар ажиллаж байна.
2. Prince (123 сая ам.доллар)
1958-2016 (57)
Түүний “Paisley Park”- ийн алдар цуу Элвисийн “Graceland”-ийн түвшинд хүрээгүй ч попын гэгээн эцгийн дуу хөгжмийн ертөнцийг доргиосоор байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар зөвхөн АНУ-д гэхэд 700,000 ширхэг цомогтой дүйцэх хөдөлгөөнийг стриминг дээр хийжээ.
3. Майкл Жексон (75 сая ам.доллар)
1958-2009 (50)
2019 онд гаргасан “Leaving Neverland” баримтат киног бүтээхэд Попын хаанаас ямар ч зардал гараагүй юм. Элвис, Арета Франклин нарын дуу, “Sony”-той байгуулсан урт хугацааны гэрээ зэргийг багтаадаг Жексоны “Mijac Music” компани нь түүний орлогын 70 гаруй хувийг бүрдүүлжээ.
4. Чарльз Шульц (40 сая ам.доллар)
1922-2000 (77)
Чарли Браун, Снупи дүрийн үнэ цэнэ өссөөр байна. 2021 оны зургадугаар сар хүртэлх санхүүгийн нэг жилийн хугацаанд Шульцын вант улс 157 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Үүний тодорхой хувийг “Apple TV+”-ээр цацсан “Snoopy in Space” шинэ цуврал болон “Charlie Brown Christmas” сонгодог бүтээл бүрдүүлж байна.
5. Доктор Сьюз (35 сая ам.доллар)
1904-1991 (87)
Долоон оронтой тоогоор хэмжигдэх үнэлгээтэй телевизийн бүтээл, цуврал киноны хүчээр “Seussville” гүрний орлого нэмэгдсээр байна. Гэхдээ сайхан сэтгэлт “эмчийн” хувьд орлогын хамгийн том эх үүсвэр нь ном хэвээр аж. 2020 онд түүний номууд АНУ даяар 7 сая хувь борлогджээ.
6. Бинг Кросби (33 сая ам.доллар)
1903-1977 (75)
Аргил хоолойгоороо хүн бүрт танил болсон дуучин Бинг Кросбигийн нэр, дүр төрх, 1600 гаруй уран бүтээлийг нь багтаасан роялти эрх 30 сая ам.доллараар зарагдсан юм. 2020 оны зул сарын баярын үеэр түүний “White Christmas” дууг америкийн хэрэглэгчид стриминг үйлчилгээгээр 87 сая удаа тоглуулсан гэсэн тооцоо бий.
7. Элвис Пресли (30 сая ам.доллар)
1935-1977 (42)
Цар тахал Элвисийн эзэнт гүрэнд томоохон цохилт өгчээ. Жилд дунджаар 10 сая орчим ам.доллар бүрдүүлдэг байсан Мемфис дэх түүний гэр музей “Graceland” олон сарын турш хаалттай байсны эцэст бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсний зэрэгцээ хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
8. Арнольд Палмер (27 сая ам.доллар)
1926-2016 (87)
Covid-19-ийн улмаас гольфын улирал богиноссон ч Арнигийн “Army” клубын орлого нэмэгдсээр байна. Америкийн мэргэжлийн гольфчин агсны нэрээр “Arizona Beverages” мөстэй ундаа гаргаж, мөн “Mastercard” гэрээ байгуулсан гэхчлэн “Arnold Palmer” брэндийг борлуулдаг худалдааны олон зуун компаниас сая сая ам.доллар орж ирсээр буй.
9. Боб Марли (16 сая ам.доллар)
1945-1981 (36)
Регги урсгалын домогт уран бүтээлчийн бүтээлүүд дэлхий даяар тэрбум гаруй удаа тоглогдож, стриминг салбарт өндөр амжилт үзүүлэв. Өсгөгч, пянз тоглуулагч, чихэвчний брэнд “House of Marley”-аас гадна түүний нэртэй футболк, асаагуур зэрэг бүтээгдэхүүний борлуулалт хөрөнгийг нь гурван сая ам.доллараар өсгөжээ.
10. JUICE WRLD (15 сая ам.доллар)
1998-2019 (21)
Juice WRLD нэрээр танигдсан рэппер нас барахаасаа есөн сарын өмнө гаргасан хоёр дахь цомог “Death Race for Love” 2019 оны арванхоёдугаар сараас хойш стриминг ертөнцөд цойлж байна. Түүнийг нас барсны дараа гаргасан, гурав дахь цомог “Legends Never Die” нь ч мөн адил “Billboard” жагсаалтыг тэргүүлсэн билээ.