Түүхэн дэх хамгийн олон хүнийг хамруулсан олимп болно хэмээн зарлаж буй “Парис-2024” олимпын наадмын нээлтийг үзэх тасалбарын үндсэн үнэ 24 евро байхыг өнгөрөгч долоо хоногт наадмын зохион байгуулагчид ил болгожээ.
Нээлтийн үеэр болох арга хэмжээний зорилго нь үзэгч, зочдод хотын өнгө төрхийг харуулах явдал болохыг каноэ спортын олимпын гурван удаагийн аварга, Парисын олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге өгүүлсэн байна. Түүнчлэн нээлтийн ёслол өмнөх олимпуудаас ялгаатай нь спортын цэнгэлдэх хүрээлэнд бус, харин Сена мөрний эрэг дагуу зохион байгуулагдах тул 600 мянга гаруй хүн үзэж сонирхох боломжтой болох аж.
2024 оны долоодугаар сарын 24-ны үдэш болох нээлтийн ёслолыг энэ мэтээр аль болох хүртээмжтэй байлгах үүднээс 24 еврогийн үнэтэй нэг сая ширхэг тасалбар гаргахаас гадна нийт зарагдах тасалбарын 50 хувь нь 50 еврогоос доош үнэтэй байхыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.
Тасалбар 2023 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн зарагдаж эхлэх бөгөөд тухайн үед Парис дахь байрлах газрын үнэ огцом нэмэгдэх төлөвтэй байгаа тул жуулчдыг одооноос эхлэн зочид буудал, өрөөгөө захиалах хэрэгтэйг зохион байгуулагчид зөвлөж байна.