Агаарын бохирдлоос шалтгаалж иргэдийн эрүүл мэнд хохирсон гэж үзвэл Европын холбооны гишүүн орнууд шүүхэд дуудагдах магадлал өндөр болохыг Европын дээд шүүхийн зөвлөх онцолсон байна.
Тодруулбал Европын Холбооны хуульд заасан агаарын чанарын удирдамжийг зөрчсөн тохиолдолд иргэд засгийн газраасаа нөхөн төлбөр шаардах эрх зүйн орчин үүсэж болохыг Европын Холбооны шүүхийн Ерөнхий өмгөөлөгч Жулиан Кокотт албан бус дүгнэлтдээ дурджээ.
Энэ асуудал хөндөгдсөн нь Парис хотын нэгэн оршин суугч агаарын бохирдлын улмаас эрүүл мэндийн хохирол амссан гэсэн үндэслэлээр Францын засгийн газраас 24 сая еврогийн нөхөн төлбөр шаардан гомдол гаргаад буйтай холбоотой аж.
Европын холбооны хэмжээнд мөрдөгдөж буй агаарын чанарын дүрэм журмыг Франц улс сахин биелүүлж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой хэмээн тэрбээр үзсэн байна. Одоогоор Парис хот дахь Версалийн захиргааны хэргийн давж заалдах шүүх уг асуудлыг Европын Холбооны шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.
Гэхдээ хохирогч тал нэгдүгээрт агаарын чанарын удирдамжийг “ноцтой зөрчсөн” орчинд удаан хугацаагаар амьдарсан гэдгээ, хоёрдугаарт эрүүл мэндийн аливаа хохирол нь агаарын бохирдолтой шууд хамааралтай болохыг, гуравдугаарт дээрх удирдамжийг зөрчсөн орчин болон нэхэмжилсэн хохирлын хэмжээ хоорондын “учир шалтгааны холбоо”-г заавал нотлох ёстойг Жулиан Кокотт тэмдэглэжээ.