Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч, венчур капиталист Жон Дорр уур амьсгалын судалгааны ажилд хувь нэмрээ оруулах үүднээс Стэнфорд их сургуульд 1.1 тэрбум ам.доллар хандивлахаар болжээ. Тус сургуулийн түүхэн дэх хамгийн том хэмжээний хандив болсон энэхүү мөнгийг тогтвортой хөгжлийн чиглэлийн салбар сургууль байгуулах, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах болохоо Стэнфорд их сургуулиас лхагва гарагт мэдэгдсэн байна.
Жон Дорр болон түүний эхнэр Анн Дорр нарын тус хандив дээр “Yahoo!” компанийн хамтран үүсгэн байгуулагчид болох Жерри Ян, Дэвид Фило тэргүүтэй хандивлагчдын өргөсөн 590 сая ам.доллар нэмэгдсэнээр энэ намар Доррын нэрэмжит Стэнфордын тогтвортой хөгжлийн сургууль нээгдэх боломжтой болсон аж.
Венчур капиталын “Kleiner Perkins” фирмийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж буй Жон Дорр “Google”, “Amazon”, “Slack” зэрэг цахиурын хөндийн амжилттай бизнесүүдэд эрт хөрөнгө оруулсны ачаар өдгөө түүний хөрөнгө 11.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн 175-д бичигдэж байна.