Агаарын хөлөг үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том компани “Airbus” АНУ-аас эхэлсэн дэлхий дахины аялал жуулчлалын сэргэлттэй уялдуулан үйлдвэрлэлийн гарцаа 50 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталжээ. Хойд Америкт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр зорьж буй Европын гол экспортлогч болох тус компани урьд нь ийм том хэмжээний зорилт тавьж байгаагүй аж.
Дээрх төлөвлөгөөний дагуу “Airbus”-ийн зорчигч болон ачаа тээврийн гол хөлөг болох “A320” ангиллын онгоцны нэг сард үйлдвэрлэгдэх тоог 2023 оны дунд үед 65 болгох бөгөөд цаашдаа шат дараатайгаар ахиулж, 2025 он гэхэд 75-д хүргэхээр болжээ. Тус ангиллын онгоцны сарын үйлдвэрлэлийн гарц одоогийн байдлаар 50 байгаа ажээ.
Нэгдүгээр улирлын ашиг таамагласнаас өндөр гарсан, цар тахлын дараах сэргэлт хурдацтай явагдсан, түүнчлэн гол өрсөлдөгч “Boeing” компани “737 MAX” онгоцны аюулгүй байдалтай холбоотой асуудалд орсон зэрэг нь “Airbus” компани энэ салбартаа дэлхийд тэргүүлэхэд түлхэц өгсөн юм.
Барихаар төлөвлөсөн үйлдвэрүүдийг тооцвол “Airbus” компани одоогийн байдлаар Европ, АНУ, Хятадад нийт 9 угсрах үйлдвэртэй болоод байна.