“Happy Art Movement”-ийн санаачлагч Ромеро Бритто дэлхийг тойрох том мөрөөдлөө өөрийн уран бүтээлээр дамжуулан биелүүлсээр байна.
Бразил улсад өссөн энгийн нэг жаал хүү Ромеро Бритто дипломатч болж дэлхийг тойрохыг хүсдэг маш том мөрөөдөлтэй нэгэн байв. Гэхдээ өөрийг нь дэлхийд гаргах тасалбар нь уран бүтээл нь байх болно гэдгийг ухаарахад тэр тийм ч их хугацаа зарцуулаагүй. Тэр эхээс есүүлээ, мөнгөний боломж тааруу байсан тул зургийн хэрэгслээ ч авч дөнгөдөггүй байж. Гэвч цаасны хаягдал, олдож л байвал ямар ч хамаагүй будгаар зурсаар түүний авьяас тодорчээ. Ромеро анхны уран бүтээлээ 14 настайдаа 10 ам.доллараар зарж байв. “Би ээжийнхээ захиануудаас маркийг нь хуулж аваад түүгээрээ цэцгийн баглаа шиг бүтээл хийгээд багшдаа зарах гэж оролдсон боловч тэр худалдаж авахыг хүсээгүй. Харин тэгтэл хөрш маань ‘Би худалдаж авъя’ гэдэг байна шүү. Хөршдөө зургаа зараад их баярлаж билээ. Үнэхээр гайхалтай байсан” гэж Ромеро тэр тухай дурслаа.
“Хүүхэд насны маань хүндхэн өдрүүд л өнөөдрийн намайг бий болгосон. Надад болон миний уран бүтээлд хэчнээн их боломж нээлттэй байгааг би харж чаддаг” хэмээн Ромеро итгэлтэйгээр өгүүлнэ. Хэний ч танихгүй уран бүтээлч Ромеро Майами хотод ирснээр амжилтынх нь замнал эхэлжээ. Ромерогийн эрч хүчтэй, зоримог, өнгөлөг уран бүтээл Өмнөд Флорида хоёр яг л бие биедээ зориулагдсан мэт байсан гэдэг. Удалгүй бүгд түүний нэр, уран бүтээлийнх нь хэв маягийг мэддэг болов. “Absolut Vodka” кампанит ажлынхаа нүүр царайгаар Ромерог сонгосон нь түүнийг агуу Энди Уорхолтой эн зэрэгцүүлсэн явдал болсон юм. “Мишель Ру гэх эрхэм миний амьдралд хамгийн том өөрчлөлт авчирсан хүн. Тэрбээр “Absolut Vodka” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Энди Уорхол, Кит Харинг болон бусад олон уран бүтээлчдэд онцгой ажил даалгадаг байсан. Тэр миний бүтээлүүдийн онцлогийг ч мөн анзаарч харсан байсан. “Absolut Vodka” компани зар сурталчилгааны кампанит ажлаа надад даалгасны үр дүнд миний бүтээл Хойд Америк дахь олон сая хүний нүдэнд өртсөн гэж болно. Тиймээс Мишель Руд би үргэлж талархдаг”. Сонины цаасан дээр зураг зурж, түүнийгээ Майамигийн гудамжинд зардаг байсан нь түүний Америк дахь карьерын эхлэл билээ. Хэдхэн сарын өмнө гудамжинд зураг зурж байсан залуугийн амжилт энэ үйл явдлын дараа яг л Холливудын кинонд гардаг шиг өрнөж, Ромеро дуулианы эзэн болсон юм.
“Би үнэхээр азтай хүн. Учир нь урлагийн ертөнцөд ийм зүйл тохиолдоно гэдэг ховор үзэгдэл байдаг. Урлагт маш олон хүмүүс олон төрлийн зүйл хийдэг. Урлагийг бусад салбартай харьцуулшгүй, өөр хаа ч байхгүй өвөрмөц ертөнц. Уран бүтээлч хүний хувьд би маш гайхалтай цаг хугацааг өнгөрүүлсэн. Учир нь уран бүтээлч хүн үнэхээр авьяастай байлаа ч өмнөө гарч ирсэн боломжид нээлттэй байж бусадтай хуваалцахгүй бол авьяас нь тэр чигтээ замхран алга болдог. Би л хувьдаа өөрийн бүтээлийг бусадтай хуваалцахыг хүсдэггүй уран бүтээлчийг төсөөлж ч чаддаггүй” гэж Ромеро хэлэв.
Тэр цагаас хойш хаан удмынхнаас эхлээд төрийн тэргүүд, бизнесийн магнатууд, кино одод, спортын одод, рок одууд гээд бараг хүн бүр л Бриттогийн бүтээлийг авахыг хүсэж байв. Бриттогоор амьсгалсан давлагаа эхлээд Америкийг хуйлруулж, дараа нь дэлхийн хэмжээний брэнд болон түглээ. Түүний уран бүтээлүүд Лондоны Хайд Парк дахь аварга том пирамидуудаас эхлээд Карусель Ди Лувр худалдааны төв дэх Францын дүрслэх урлагийн үндэсний нийгэмлэгтэй хамтарсан үзэсгэлэн гэх мэтээр үргэлжилсээр. Мексикийн Сумаяа музейд амьд ахуйдаа шоугаа хийсэн анхны уран бүтээлч болов. Цаашлаад АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын наадам гээд түүний уран бүтээлүүд түгсэн газрыг нэрлээд дуусахгүй. Ингэж дэлхий даяар гялалзсаар 2012 онд түүнийг төрөлх нутагтаа эргэн ирэхэд бразилчууд улсынхаа хамгийн том арга хэмжээ болох Карнавалыг Ромеро Бриттогийн нэрэмжит болгон зохион байгуулж байв. Тэр энэ тухай дурсахдаа “Рио-де-Жанейро хотод Карнавалын нээлтийн өдөр 90 мянга гаруй хүн цугласан байсан. Бүх л үйл явцыг телевизээр шууд дамжуулж Бразил даяар олон зуун сая хүнд хүрч, хаа сайгүй тархсан. Би бүр итгэж ч чадаагүй” гэв.
Бриттогийн гайхамшигт мөрөөдөл үргэлжилсээр Ауди, Вольво, Бентли, Мини Купер, Кока-Кола, Уолт Дисней, Убло, Маттел зэрэг бизнесийн ертөнцийнхөн ч түүний бүтээлээс санаа авч эхлэв. Түүгээр ч зогсохгүй тэрбээр урлагийн салбарын өнөө үеийн хамгийн том ивээн тэтгэгч, Бриттогийн уран бүтээлийн хамгийн том цуглуулагч Карлос Слимийн “Carso” групптэй 15 жилийн хугацаатай томоохон гэрээ байгуулжээ. Энэ нь түүний уран бүтээлд дуртай сая сая хүмүүст Бриттогийн бүтээлийг хүргэх гайхалтай боломж болсон юм.
“Энэ хорвоод амьд явж өдөр бүр өөрийн бүтээлээрээ ямар нэгэн утга учиртай зүйл хийхийг хичээнэ гэж бодохоор сэтгэл их догдолдог. Намайг аз жаргалтай болгодог дүр зургийг бүтээж, түүнийгээ бусадтай хуваалцах болно. Чухам энэ л намайг бий болгож жолооддог. Мөн миний ажил хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулдаг байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар, аз жаргалын дүр зургийг бүтээж хүмүүс урам зориг авдаг бүтээл туурвихыг би хүсэж байна” гэж Ромеро өгүүлсэн байдаг. Уран бүтээлч, нийгмийн идэвхтэн тэрбээр үргэлж бусдад урам зориг хайрладаг нэгэн. Тэрбээр Диана гүнжийг өөд болсноос хойш 10 дахь жилийн ойг нь тохиолдуулж түүнийг хамгийн гоёор дүрсэлсэн 10 бүтээл бүхий цуглуулгаа танилцуулсан нь бүгд зарагджээ. Харин Ромеро орлогоо дайнаас амьд үлдсэн хүмүүсийг дэмжих холбоо болон Диана гүнжийн дурсгалын санд хандивлаж байв. Ромеро хэдийгээр үнэмлэхүй амжилтад хүрсэн ч хаанаас ирсэн хэн бэ гэдгээ мартаагүй. Тэрбээр “Prince’s Trust International” тэргүүтэй 250 гаруй буяны байгууллагатай өөрийн уран бүтээл, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилладаг.
Түүний бүтээл өдгөө дэлхийн 100 гаруй орны галерей, музейд олны хүртээл болж, 200 гаруй галерейтай хамтран ажилладаг байна. Ромеро Бритто дэлхийг тойрохыг хүссэн том мөрөөдөлдөө яахын аргагүй хүрчээ. Дипломатч болохыг мөрөөдсөн тэрбээр урлагаар дамжуулан дэлхий даяар дипломат ажиллагааг гүйцэтгэж, хорвоо ертөнцөд өнгө нэмсээр байна
Б.АНГАРАГ