Монголын энтертайнмент бизнесийн зах зээлд өөрийн үүсгэн байгуулсан “U Film” уран бүтээлийн нэгдлийн үйл ажиллагаагаараа шинэ өнгө, өндөр босго тогтоохоор Г.Ундармаа шаргуу ажиллаж байна
Монголын энтертайнмент бизнесийн зах зээлд хүч сорьж буй цөөн эмэгтэйн нэг “U Film” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, продюсер Г.Ундармаатай ярилцлаа. Хошин урлагийн “Шинэ үе” продакшны гол жүжигчдийн нэг байсан үе буюу 2000 оноос хойш монголчууд түүнийг мэднэ. Тэрбээр 2013 оноос өөрийн “U Film” уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, бие даан уран бүтээл хийх болсон юм. Түүний анхны “Single Ladies 1” уран сайхны кино нь тухайн жилдээ Монголын кино театруудын хамгийн их үзэлттэй киногоор шалгарч байв.
“Яг үнэндээ ‘Single Ladies’ киноныхоо эхний ангийг хийхдээ би хүмүүст тийм сайн хүрч, амжилттай болно гэж бодоогүй. Алдагдалтай байсан ч хамаагүй хийгээд л үзье гэж бодсон” хэмээн тэрбээр дурсав. Энэ цагаас хойш “U Film” 10 орчим уран сайхны кино, гурван ч тайзны жүжгийг амжилттай тавиад буй.
Хамгийн сүүлд “Яаралтай түргэн тусламжийнхан” олон ангит киног бүтээсэн түүний баг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг шинээр тохижуулж, 10 гаруй уран бүтээлч нэг жил гаруйн хугацаанд яг бодит байдлыг хажуугаас нь харж, судалгаа хийжээ. Мөн кино зохиолчдын баг яаралтай тусламжийн тасагт байрлан ажиллахаас гадна тэнд ажилладаг, ажиллаж байсан 60 гаруй хүнтэй ярилцлага хийн зохиолоо бичсэн байна. Тэрбээр “Манай кинонд зөвхөн болсон явдал гарна. Бид зохиогоогүй. Маш олон хүний хөдөлмөр, цаг хугацааг зарцуулан бүтэж байгаа учраас кино уран бүтээл өгөөжтэй, урт настай байх ёстой” хэмээв.
“Шинэ үе” продакшны жүжигчин байхдаа Г.Ундармаа “Анун” тавилгын дэлгүүрт худалдагчаас эхлээд борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал хүртэл дэвшин 15 жилийн турш хоёр ажил давхар хийж байв. Тэрбээр тухайн үед төлөвлөлтийг маш сайн хийж сурсан гэв. “Ямар ч том төсөл байсан судалгаа, баг сонголт зэрэг зохион байгуулалт, төлөвлөлт сайн байвал амжилттай хэрэгжих магадлал өндөр, үр дүнтэй байдаг. Багийг бүрдүүлж буй хүн бүрийн ажил чанартай байснаар л нэг сайн кино бүтнэ. Би нямбай хүмүүстэй хамтран ажиллах дуртай. Жүжигчид, арын албаны ажилчдаа сонгохдоо ч энэ шаардлагыг баримталдаг. Учир нь тийм хүмүүс ажил дээр ч тэгж ханддаг” хэмээн тэрбээр өгүүлж байна. “Өөрөө продакшн удирдаад ажиллахад сул цаг бага, хариуцлага их болсон. Хүмүүс дандаа инээж явдаг намайг үнэхээр жаргалтай эмэгтэй гэж боддог. Ингэж инээж явахын тулд би маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Өмнө нь ачаалал бага, чөлөөт цаг их, үс тас хар, гэр бүлдээ маш их цаг заруулдаг байсан бол 2013 оноос хойш энэ бүгд өөрчлөгдсөн”.
“Надад тэмүүлэл бий. Залхуу хүмүүст л цаг гардаггүй. Харин мөрөөдөлтэй, зорилготой, ажилсаг хүмүүст цаг зав их гардаг” хэмээн өгүүлэх тэрбээр компани, баг удирдахад бүгдийг дүрэм журмын дагуу хийх нь л элдэв асуудал, бухимдал, үл ойлголцол, бүтэлгүйтлээс авардаг хэмээн итгэдэг. Тэрбээр “U Film” продакшныхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан үеэ “Тухайн үед би тайз, дэлгэцийн уран бүтээлч байсан ч кино салбарын хувьд зүгээр л кинонд дуртай үзэгч байсан. Өөрөөр хэлбэл, үзэгчийн хувьд өргөн туршлагатай байсан гэсэн үг. Тиймээс монгол кинонд дутагдаж байсан техник хэрэгсэл, PR маркетингд шинэчлэл хийж, киноны хэрэглэлүүдийг бодит, үнэмшилтэй байлгахад анхаарч киногоо яаж олон үзэгчтэй болгох вэ гэдэгт төвлөрч ажилласан” хэмээн дурсаж байна.
“Би өөрийн хийж буй уран бүтээлүүдэд энэ цаг үеийн түүхийг үлдээхийг мөрөөдөж байна”.
Эхний гурван анги нь үзэгчдэд маш амжилттай хүрсэн “Single Ladies 4” киногоо тэр өнгөрсөн оны аравдугаар сард буюу цар тахлын хүнд үед нээсэн. Нийт нэг тэрбум 700 сая төгрөгөөр бүтсэн кино төслөө хэрэгжүүлэхдээ тэд хорин сая төгрөгийн л ивээн тэтгэлэг авсан аж. “Бид хүн хүч, техник хэрэгслийн хувьд хамгийн чанартай сайныг нь оролцуулж, ашиглахыг хүссэн. Энэ хэмжээний хөрөнгөөр Монголын зах зээл дээр кино хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Ашгийг хэдийгээр тоон дүнгээр хэмждэг ч энэ удаа бид зах зээлдээ шинэчлэл хийж, ахиц гаргахыг хүссэн. Жижиг зах зээл гээд үзэгчийнхээ тоонд тааруулаад кино хийгээд байвал миний дараагийн кино сайжрахгүй, нэг л хэвээрээ байгаад байна. Энэ утгаараа маш том алхам хийсэн” хэмээн Г.Ундармаа өгүүлэв. Хэдийгээр стриминг үйлчилгээ хүчээ авч байгаа ч тухайн киноны мөн чанар, гоё мэдрэмжүүдийг кино театраас л авдаг. Энэ утгаараа тэрбээр уламжлалт кино театрыг одоо ч илүүд үзсэн хэвээр байгаа тухайгаа хэллээ. Тиймээс ч “Single Ladies 4” киноны нээлтээ хойшлуулсаар киногоо театрт нээсэн. Хэдийгээр цар тахал дэгдсэн хэцүү үе таарсан ч тус кино 45 хоног театруудаар гарахад 39 дэх хоног дээрээ ч билет нь олдохгүй хэвээр байсан аж. “Би хүмүүстэй уулзаж, тэдний яриаг дуртай. Тэр үед гоё санаанууд илүү их төрдөг. Энэ киноны эхний 3 ангийг бодит явдлаас сэдэвлэн хийсэн. Гэхдээ би анги бүртээ эмэгтэйчүүд асуудлыг шийдэж чаддаг, тэд найз байж чаддаг, дайнд ялахад тусалсан зэрэг бүхий л салбар, бүх цаг үед эмэгтэйчүүдийн манлайлал ямар хэрэгтэйг харуулахыг зорьсон” хэмээн тэрбээр хэлэв.
Г.Ундармаа уран бүтээлчээс гадна улсын эмнэлгүүдийн байрыг засаж тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт идэвхтэй зүтгэж буй нэгэн. Түүний үүсгэн байгуулсан сан 10 орчим эмнэлэг, асрамжийн газрыг тохижуулаад байна. “Надад гэр бүлийнх нь хэн нэгэн, ойр дотнын хүн нь өвдчихлөө гэсэн тусламж хүссэн маш их зурвас ирдэг. Хамгийн сонин нь ийм төрлийн зурвас ихэвчлэн шөнөөр ирдэг. Өглөө сэрээд тийм зурвас унших нь надад маш хүндээр тусдаг. Үүнийг уншиж байгаа надад ийм хэцүү байхад тэр өвчинтэй яг нүүр тулсан хүмүүст бүр хэцүү байх нь тодорхой. Тиймээс өвчлөл битгий залуужаасай, хүмүүс эрүүл мэнддээ урьдчилан анхаардаг, гэр бүлүүд аз жаргалтай байгаасай гэж хүсэн эрүүл мэндийн салбарын кино хийж байна”.
Жүжигчин болсныхоо дараа хувийн урлагийн сургууль, театртай болохыг мөрөөддөг байсан түүний мөрөөдөл өдгөө өөрчлөгджээ. Учир нь тэрбээр хувийн жижиг театртай болох хүслээ хоёр хүний жүжиг тавьж биелүүлсэн. “Үүгээр би театрыг барих ёсгүй харин театр явах ёстой юм байна гэдгийг сайн ойлгосон” хэмээх Г.Ундармаа жүжигчин болох бага насны мөрөөдлөө биелүүлсэн. Харин өдгөө өөрийн хийж буй уран бүтээлээр дамжуулан энэ цаг үеийн түүхийг үлдээхийг мөрөөдөж буйгаа хэлэв.
“Миний хийсэн кинонуудыг 10, 20 жил, магадгүй үүнээс ч олон жилийн дараа хүмүүс үзээд уйддаггүй, үзэж л байдаг тийм байгаасай гэж хүсэн уран бүтээлээ хийдэг. Би уран бүтээлээрээ түүх бүтээхийг л хүсдэг” хэмээн Г.Ундармаа өгүүлж байна. Тэр анх хувийн уран бүтээлээ хийж эхлэхдээ төсөөлж байсан зорилтынхоо яг дунд нь ирээд буй тухайгаа хэлэв.
А.ПҮРЭВЖАРГАЛ