Санхүү, венчур капиталын салбарт 1 тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй, хувийн эзэмшил бүхий стартап компанийг “юникорн” гэж нэрлэдэг. Өдгөө хамгийн алдартай юникорн компанийн жишээ гэвэл сансрын технологийн “SpaceX”, сууц түрээсийн “Airbnb”, видео тоглоомын “Epic Games”, финтекийн “Robinhood” зэргийг дурдаж болно.
“Cowboy Ventures” венчур капиталын сангийн үүсгэн байгуулагч Эйлин Ли анх энэхүү нэр томьёог хэрэглэж, улмаар дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж байжээ. Түүний бичсэн “Юникорн клубт тавтай морил: Тэрбум долларын стартапуудаас суралцахуй” нийтлэлд дурдсанаар анхны юникорн компаниуд 1990-ээд онд бий болсон гэнэ. Тухайн үед “Google” нэртэй байсан “Alphabet” компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларыг давж байсан учраас яах аргагүй дээрх ангиллын анхдагчдын нэг нь ажээ.
Юникорн компанийн үнэлгээ нь тухайн компанийн ирээдүйд өсөж хөгжих бололцоог хөрөнгө оруулагчид болон венчур капиталистууд хэрхэн харж буйгаас хамаардаг тул ерөнхийдөө урт хугацааны таамаглалд суурилсан ойлголт гэж болно. Иймд тухайн компани санхүүгийн тал дээр ямар гүйцэтгэлтэй байх нь тэдний үнэлгээнд төдийлөн нөлөөлөхгүй гэсэн үг. Ихэнх юникорн компаниуд үйл ажиллагааны эхэн үедээ ашиг олох нь тун ховор байдаг.
Мөн юникорн шинжтэй стартапууд нь хувийн хөрөнгө оруулагч, венчур капиталистуудыг эс тооцвол дунд зэргийн хөрөнгө оруулалт авахаас ихэвчлэн татгалздаг. Гэхдээ тэд нээлттэй компани болж өөрчлөгдсөн, эсвэл IPO гаргасан үед хөрөнгө оруулагчдад боломж нээгдэх юм.
“CB Insights”-ийн гаргасан статистикаас үзвэл 2022 оны гуравдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 1000 гаруй юникорн компани байгаа бөгөөд тэдгээрийн зах зээлийн үнэлгээ нийлээд 3,516 тэрбум ам.долларт хүрч байна.