2017 онд дэлгэцнээ гарсан Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн “Онцц Дүмд” цувралд арын фон зураачаас эхлээд дууны инженер, жүжигчин, найруулагчаар хүртэл ажилласан туршлагатай Ц.Бат-Оргил монгол хүүхдүүдийг монгол хүүхэлдэйн баатартай болгох хүсэлдээ хөтлөгдөн 2019 онд “Gertoon Animation studio” компаниа үүсгэн байгуулжээ. Өдгөө түүний компани “Мөнх Тунх” олон ангит анимэйшны 50 анги, хоёр тусгай дугаар, 14 анимэйшн клипийг бүтээгээд байна. “Бүтээлүүдээрээ дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл уламжлал, зан ахуй, түүхийг түгээн таниулахын зэрэгцээ эх дэлхийгээ хайрлах, байгальтай хэрхэн зөв харьцах зэрэг суурь мэдлэгүүдийг өгөхийг зорьдог” хэмээн өгүүлэх тэрбээр богино хугацаанд өөрийн бүтээсэн Мөнх, Тунх хүүхэлдэйн баатруудын дүр бүхий 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болж, дотоодын зах зээлд дүрийн бизнесийг амжилттай хөгжүүлж буй чадварлаг продюсер юм.