Цар тахлын үед дэлхий даяар дижитал боловсролын салбарын хөрөнгө оруулалт, хэрэглэгчдийн тоо, хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр өслөө. 2025 он гэхэд тус зах зээлийн үнэлгээ одоогийнхоос хоёр дахин өсөж 325 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоолол байна.
Тахлын үед эрчимжсэн цахим шилжилтэд хамгийн түрүүнд үр дүнтэй дасан зохицож буй салбаруудын нэг нь боловсролын салбар. Цахим сургалтын талаарх эргэлзээ буурч, дэлхийн боловсролын системийн үндсэн чиг хандлага боловсролын технологи руу шилжиж байна.
Боловсролын технологийн салбар 2020 онд хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн сонирхлыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр татаж Америк, Энэтхэг, Хятад, Их Британи зэрэг орон энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлтээрээ тэргүүлсээр байна. Харин хэрэглээ, энэ төрлийн стартапын тоогоороо Энэтхэг, Хятад орон тэргүүлж байна. Энэтхэг улсын хувьд 1.5 сая орчим сургуультай боловч 20 мянга хүрэхгүй нь дижитал холболттой. Тиймээс тахлын үед боловсролын технологийн стартапууд нь сургуулиудыг офлайнаас онлайн горим руу шилжихэд туслахаар яаравчлав.
KPMG байгууллагын тооцоолсноор өдгөө Энэтхэгт боловсролын технологийн 3,500 гаруй стартап бий бөгөөд 2030 он гэхэд тус улс боловсролын технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа 10 тэрбум ам.долларт хүргэхээр байна. 2019 онд тус улсын боловсролын технологийн стартапуудын санхүүжилт 522 сая ам.доллар байсан бол 2020 онд бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 2.2 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахал дэгдсэн сүүлийн 12 сарын хугацаанд онлайн боловсролын систем нь хэрэглэгчдийн өсөлт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлээд зогсохгүй твиттерийн чиг хандлага, Google хайлтаар ч тэргүүлсээр байна. Google Trends компанийн мэдээлснээр 2020 оны 4-12 сарын хооронд Энэтхэгийн интернэтэд ‘edtech’ хайлт 60 хувиар өсчээ. Мөн хэрэглэгчдийн боловсролын аппликейшнд зарцуулах дундаж хугацаа 30 хувиар нэмэгдсэн байна.
Санхүүжилтийн өсөлтөөс гадна энэ зах зээлд ажиглагдсан өөр нэг үзэгдэл нь BYJU’S, Unacademy зэрэг тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй компаниуд салбарынхаа жижиг гарааны бизнесүүдийг нэгтгэн илүү хүчирхэгжиж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байна. Түүнчлэн тахлын нөлөөгөөр үүссэн шинэ хэв маягийг даган онлайн сургалтын шинэлэг платформууд үүсгэн байгуулагдаж байгаа тухай салбарынхан хэлж байна.
Цар тахлын өмнө ч дэлхий даяар боловсролын технологийн салбар, стартапууд хурдацтай хөгжиж байсан юм. Гадаад хэл сургалтын “Duolingo” компани хамгийн сүүлд 30 сая ам.долларын санхүүжилт босгож, 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй болов. Өмнө нь эцэг эх, сурагчид онлайнаар сургалт авч, хичээл заалгах нь тийм ч үр дүнтэй биш гэж үздэг байсан ч 2020 онд онлайн сургалт нь цорын ганц сонголт болсон. Ийнхүү цар тахалтай зохицон амьдарч буй хүн төрөлхтний сэтгэлгээнд өөрчлөлт гарч үр дүнг нь мэдэрч эхлээд байна. Өдгөө сургууль, хүүхдүүд, гэр бүл, байгууллагууд дижитал сургалтын нөөцийг урьд өмнөхөөс илүү их шаарддаг болсон учраас өсөлтийн хурд нь илүү өндөр байх болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ утгаараа ирээдүйд боловсролын салбарын шинэчлэл, бүтцэд орох цахим өөрчлөлтөд боловсролын технологийн стартапууд голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой боллоо.
100 хувь уламжлалт сургалтын орчинтой байсан манай улсын боловсролын системд цар тахал хүчтэй цохилтыг өглөө. Тиймээс сургалтын орчин, арга хэлбэр, хэрэглэгдэхүүнийг цахим зууны иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингээд харахад боловсролын технологийн салбар, дижитал сургалтын орчин төдийлөн суурьшаагүй байсан манайх шиг орнуудын хувьд цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан салбаруудад боловсролын салбар яах аргагүй багтсан. “Дэлхийн банктай хамтарч судалгаа хийхэд цар тахал цаашид үргэлжилж, хэрэв энэ намар хичээл танхимаар хичээллэхгүй бол ирэх 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт ирэх шууд ба шууд бус нөлөө хоёр тэрбум орчим ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгт хүрч, улсын төсвийн тал хувьтай тэнцэх хохирол гарахаар байна” хэмээн Засгийн газрын 100 хоногийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байсан юм.
Монгол Улсын хувьд нэг хичээлийн жилд 165- 180 хоног байдаг бол 2020 онд 40 орчим хувийг цахимаар, 60 хувьд нь танхимаар хичээллэсэн. Харин 2021 онд дээрх 165 гаруй хоногийн дийлэнх 110 хоногт цахимаар буюу теле хэлбэрээр хичээллэлээ. Цар тахал гарахаас өмнө ч хоцрогдол аль хэдийнэ үүссэн байсан манай боловсролын салбарт өдгөө тахлын өмнөх болон дараа үүссэн хоцрогдлыг арилгах реформыг боловсролын технологийн компаниудын тусламжтайгаар цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.
Тахлаас шалтгаалан нэг шөнийн дотор хаалгаа хааж, онлайн сурах чиглэлд шилжсэн нь эрэлт нь аажмаар нэмэгдэж байсан дижитал боловсролын бүтээгдэхүүний өсөлтийг хурдасган, бий болгосон боломжийг олж харсан хөрөнгө оруулагчид энэ төрлийн стартапуудад мөнгө цацаж эхэлсэн тухай дотоодын боловсролын технологийн салбарт голлох нөлөө бүхий “Tomyo” платформын үүсгэн байгуулагч В.Баярсайхан хэлж байна. Тус платформын хэрэглэгчдийн идэвх цар тахал дэгдэж эхэлснээс хойш сар бүр тогтмол 100 гаруй хувийн өсөлттэй байгаа бөгөөд шинэ хэрэглэгчдийн тоо 75 хувиар өсчээ. Үүсгэн байгуулагдаад нэг жил болж байгаа тус платформ өдгөө 170,000 хэрэглэгчтэй болж, төлбөртэй сургалтуудад хамрагдаж буй хэрэглэгчдийн тоо нь тахлын үед 10 дахин нэмэгдсэн байна. Цар тахалтай холбоотойгоор ажилгүйдэл нэмэгдэж, залуус гадагшаа явж сурах зэрэг боломж нь хаагдсанаар гадаад хэлний мэдлэгээ тэлэх, төрөл бүрийн ур чадвараа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хайж эхэлсэн нь тус платформын өсөлтөд голлон нөлөөлжээ. Ийнхүү тахлын үед нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, компанийн үнэлгээ нь хоёр дахин нэмэгдсэн тус платформ өдгөө хиймэл оюуны тусламжтайгаар виртуал орчинд суралцах боломжийг олгох шинэ шатны хөгжүүлэлтүүдийг хийж байна.
Боловсролын технологийн стартапуудын нөлөөгөөр уламжлалт боловсролын систем үгүй болж байна.
Түүнчлэн дотоодын зах зээлд гадаад үг цээжлэх, үгсийн сангаа нэмэгдүүлэх “Memo words”, “Hippocards” зэрэг аппликейшны хандалт, хэрэглээ тахлын үед мөн өсөлтийг заав. “Манай улсын хувьд гар утас, интернэт хэрэглэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь бидний хувьд давуу тал болж байна. Манай хэрэглэгчид саяхныг хүртэл танхимын сургалтыг илүүд үздэг байсан бол цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж, боловсрол эзэмшихэд, цаг үеэсээ хоцрохгүй байхад технологийг заавал ашиглах хэрэгтэй болсныг сайн ойлгох шиг боллоо. Цаашид технологийн хөгжүүлэлтийг илүү сайн хийхийн тулд хөрөнгө оруулалтын орчин сайжрах нь маш чухал байна” хэмээн “Hippocards” аппликейшныг хөгжүүлэгч “Фаро технологи солюшн” компанийн гүйцэтгэх захирал Х.Баясгалан өгүүлж байна.
Америкийн онлайн сургалтын сайт “Coursera” 2021 оны гуравдугаар сард боловсролын салбар дахь хамгийн том IPO хийн 520 сая ам.доллар босгож, зах зээлийн үнэлгээ нь 5.9 тэрбум ам. доллар болов. Ийнхүү өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд шинэлэг бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын хөл хөдөлгөөн ихтэй байсан боловсролын технологийн стартапуудын нөлөөгөөр уламжлалт боловсролын систем нэгэнт үгүй боллоо. Гэсэн ч улс орнуудын сургуулиудад сургалтын тасралтгүй байдлыг хангах, онлайн хичээлийг өргөжүүлэхэд чиглэсэн платформууд дутагдалтай хэвээр байгаа нь энэ салбарт ашиглагдаагүй боломж өргөн байгааг илтгэнэ. Тиймээс цар тахлын нөлөөгөөр өрнөсөн боловсролын салбар дахь хувьсгал ирээдүйд ч үргэлжлэх төлөвтэй байна.
А.ПҮРЭВЖАРГАЛ