АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарей үйлдвэрлэлд зориулсан дэд бүтцийн санхүүжилт болгож 3 тэрбум гаруй ам.доллар төсөвлөх болохоо дурджээ.
Уг санхүүжилтийг АНУ-ын эрчим хүчний яам өнгөрсөн жил Жо Байдений баталсан 1 их наяд долларын дэд бүтцийн хуулийн төслөөс хуваарилж олгох аж. Төслийн санаачилгууд дунд хүчин чадал ихтэй батарей үйлдвэрлэхэд шаардагдах ашигт малтмал боловсруулах, батарейг дахин ашиглах зэрэг ажлууд багтсаныг тус агентлагаас мэдээлжээ.
Жо Байден 2030 он гэхэд тус улсад борлуулагдах нийт автомашинуудын тэн хагасыг цахилгаан хөдөлгүүртэй болгохоор зорилго тавьсан аж. Энэхүү зорилго биелснээр сонгуулийн өрсөлдөөн ихтэй мужуудад үйлдвэрчний эвлэл бүхий ажлын байрууд бий болгох, цахилгаан машины өсөн нэмэгдэж буй зах зээлд Хятадын өрсөлдөөнийг хязгаарлах, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.
Түүнчлэн энэ арга хэмжээ нь эрчим хүчний бүрэн хараат бус байдалд хүрэх, Оросын Украин дахь эзлэн түрэмгийллээс үүдсэн урт хугацааны инфляцын дарамтыг багасгахад чухал алхам болно гэж Байдены засаг захиргаа үзэж байна.