ОХУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Олег Тиньков сошиал хуудсандаа Украин дахь эзлэн түрэмгийллийг шүүмжилж бичсэнээс болж Кремлийн зүгээс түүнд сүрдүүлэг ирж, улмаар өөрийн үүсгэн байгуулсан “Tinkoff Bank” дахь хувьцаагаа зарахаас өөр аргагүй болсноо дэлгэснийг “The New York Times” мэдээлжээ.
Тодруулбал тэрхүү пост нийтлэгдсэний маргааш нь Владимир Путины засаг захиргаанаас түүнтэй холбогдон “Tinkoff Bank”-тай холбоо хамаарлаа бүрэн таслахыг шаардаж, эс бөгөөс тус банкийг төрийн өмчид авахаар сүрдүүлсэн аж.
Харин өнгөрсөн долоо хоногт Тиньков банкныхаа толгой компани болох “TCS Group Holdings”-д эзэмшдэг 35 хувиа Путины ойрын хамсаатан гэгддэг Владимир Потанинд зарахыг зөвшөөрсөн юм.
Оросын хоёр дахь том банк гэж тооцогддог “Tinkoff Bank” дахь эрх мэдлээ ийнхүү алдсан тэрбээр Кремль түүнд хэлэлцээр хийх ямар ч боломж олгоогүй, барьцааны хүнээс ялгаагүй нөхцөл байдалд оруулсныг мөн дурдсан байна.
Дөрөвдүгээр сарын 19-нд Тиньков өөрийн инстаграм хуудсандаа “Гэмгүй хүмүүс, цэргүүдийн амийг авсаар буй энэ солиотой дайнаас ганц ч ашигтай зүйл олж харахгүй байна” хэмээн нийтэлсэн юм.
Тэрбээр өдгөө байршлыг нь нууцалсан сууцанд бие хамгаалагчдын хамт амьдарч байгаа аж. “Forbes”-ийн өнгөрсөн жилийн тооцооллоор Олег Тиньковийн нийт хөрөнгийн хэмжээ 7.7 тэрбум ам.доллар байсан ч дайн эхэлснээс хойш түүний “TCS Group Holdings” компанийн нэгж хувьцааны ханш 90 гаруй хувиар унаад байгаа билээ.